Өнгөрсөн онд АНУ-д 15 мянга орчим хүн буудуулан амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-05 09:49:44

ВАШИНГТОН./АР/. Өнгөрсөн онд АНУ-д 15 мянга орчим хүн буудуулан амиа алдсан гэж тус улсын нэгэн ТББ-аас гаргасан тайланд дурджээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт аж.

Буу ашиглан хүний аминд хүрч, шархдуулсан талаарх мэдээ мэдээллийг цуглуулж эмхтгэсэн “Gun Violence Archive” ТББ-ын мэдэгдсэнээр, 2016 онд өмнөх оныхоос 1400 гаруйгаар олон буюу 14 933 хүн галт зэвсэгт өртөн амиа алджээ. Энэ тоонд өөрийгөө буудан амиа хорлосон тохиолдлуудыг оруулаагүй байна.

Өнгөрсөн онд тус улсын түүхэнд буугаар хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Тодруулбал, зургадугаар сард Флорида муж улсын шөнийн цэнгээний газарт нэгэн зэвсэгт этгээд 49 хүнийг буудан хөнөөсөн юм.

АНУ-д хувь хүмүүс 300 сая орчим ширхэг буу эзэмшдэг ажээ.

Бууны хэрэглээнд хяналт тавих тухай хуулийг чангатгахыг энэ сарын сүүлчээр халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн найман жилийн хугацаанд удаа дараа уриалж байсан юм.

Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш буутай холбоотой олон эмгэнэлт хэрэг гарсан. Тухайлбал, 2012 онд Коннектикут муж улсын бага сургуульд 26 хүн, тэдний дотор 20 хүүхдийг буудан хөнөөсөн хэрэг гарч байв.

Энэ хэргийн дараа буу эзэмшихийг хязгаарлаж, хяналтыг чангатгахыг Ерөнхийлөгч Б.Обама нүдэндээ нулимстайгаар уриалж байсан билээ.

Гэвч "буу эзэмших нь хувь хүний эрх" гэж Бүгд Найрамдах намынхан /БНН/ үзэж, буу эзэмшихийг хязгаарлахыг эсэргүүцсэн учир Конгресс бууны хэрэглээнд хатуу хяналт тавих тухай хуулийн төслийг батлаагүй юм.

Америкийн Үндэсний бууны холбоо нь Дональд Трампыг дэмждэг аж. Буу эзэмшихийг хязгаарлаж, хяналтыг чангатгахыг эсэргүүцэж байгаагаа Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр илэрхийлж байв.

Г.Доржханд

 

 

相关新闻