Конгрессын шинэ бүрэлдэхүүн хуралдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2017-01-04 10:06:22

ВАШИНГТОН./NHK/. Шинээр сонгогдсон АНУ-ын Конгрессын гишүүд өчигдөр хуралдлаа. Олонх болсон Бүгд Найрамдах намын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамагийн баталсан эрүүл мэндийн тухай хуулийг дахин хэлэлцэх гэж байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуулийн дараа Бүгд Найрамдах нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болсон билээ.

Өчигдөр болсон анхны хуралдааны үеэр Сенатын танхимын Төсвийн байнгын хорооны дарга “Obamacare” гэдэг эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трамп “Obamacare” хууль үр дүнгүй, зардал ихтэй байна гэж твитер хуудсаараа жиргэжээ.

Гэвч Ардчилсан намын гишүүд энэхүү хуулийг цаашид хэрэгжүүлэх бодолтой байна. Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уг хуулийг үргэлжлүүлэх шалтгаан байгаа эсэхийг хянаж үзнэ гэж амласан бөгөөд энэ амлалтаа тэрбээр биелүүлэх бололтой.

Д.Трампын Засгийн газрын гишүүдийг Сенатын танхим удахгүй батлах юм. Харин Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох гэж буй Рекс Тиллерсоны тухайд хоёр намын гишүүд ихэд санаа зовж байгаагаа илэрхийлээд байна. Учир нь тэрбээр ОХУ-тай нэлээд ойр харилцаатай юм.

Д.Нямтулга

 

相关新闻