Цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-02 14:05:02

Хонины цэцэг өвчний эсрэг вакциныг өнөөдрөөс тарьж эхэлжээ. Энэ тухайд Дундговь аймгийн ХХАА-н газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Ц.Гэрэлээс тодруулахад, Улсын мал эмнэлэг үржлийн  газарт вакцин захиалан, өнгөрсөн долоо хоногт 347 мянган тун вакцин хүлээн авсан. Үүнээс 240 мянган тун вакциныг Эрдэнэдалай сумын хонин сүрэгт тарихаар хүлээлгэн өгөөд байгааг хэллээ.

Өнгөрсөн сард Дундговь аймгийн Баянжаргалан, Дэрэн, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумын нутагт хонины цэцэг өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон. Одоогийн байдлаар Баянжаргалан сумын хорио цээрийн дэглэм цуцлагдаж, бусдад нь үргэлжилж байгаа юм. Эрдэнэдалай сумын хувьд өвчлөл нэмж гарсаар байгаа бөгөөд тус сумын бүх хонин сүрэг, үүн дээр отроор өвөлжиж буй нийт 16 мянга гаруй хонийг оролцуулан нийт 240 мянган хонинд вакцин тарьж эхэлсэн байна.

Мөн Дэлгэрцогт суманд 73 мянга, Дэрэн суманд 16 мянган вакциныг өнөөдөр хүргүүлжээ. Ирэх гуравдугаар сард вакцинд хамрагдаагүй үлдсэн нэг сая гаруй хонийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгааг Мэл эмнэлэгийн хэлтсийн дарга хэллээ.

Хорио цээрийн дэглэмтэй сумдын нутагт вакцинжуулалтыг 10 хоногт багтаан дуусгана.

Т. Отгонтуяа

相关新闻