Оны эхний өдөр ихэр хүүхдүүд мэндэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2016 онд мэндэлсэн хүүхдүүдийн отгон нь оны сүүлийн өдрийн 23 цаг 06 минутад, 2017 оны ууган хүүхэд өчигдөр үдээс өмнө 11 цаг 00 минутад мэндэллээ.
Сайхан-Овоо сумын иргэн Б. Алдармаа 3.1 кг жинтэй хүү төрүүлсэн нь 2016 оны отгон хүүхэд, Хулд сумын иргэн Ө. Жавзанпагма 3 кг жинтэй хүү төрүүлсэн нь 2017 оны ууган хүүхэд болсон бөгөөд тэд анхны хүүхдээ ийнхүү өлгийдсөн ажээ.
Шинэ оны анхны өдөр 18 цаг 20 минутад ихэр хүүхэд мэндэлсэнийг мөн онцлохоор байна. Говь- Угтаал сумын иргэн П.Мөнхтуул 3.1 кг хүү, 2.3 кг охин төрүүлсэн нь мөн ээж, аавдаа анхны үр нь болжээ. Эх хүүхдүүдийн бие сайн байгааг Төрөх тасгийн ахлах эх баригч Алтанчимэг хэллээ.
2016 он Дундговь аймгийнхны хувьд 812 иргэн шинээр тосч авсан жил байлаа. Энэ нь урьд оныхоос өссөн үзүүлэлт болж байна.
Т. Отгонтуяа