З.Нарантуяа: Хөгжлийн банкийг улстөржүүлж, үнэ цэнийг нь алдагдуулж болохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Чингис, Самурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар, 580 сая еврогийн бонд босгон, эл хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж олгосон. Гэтэл бондын хөрөнгийг хэрэгцээгүй төсөлд зарцуулж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржиж байна.
Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас дүгнэлттэй өнгөрсөн долоо хоногт манай бүлэг танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт зарцуулсан. Харин 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2000 орчим компанид зээл хэлбэрээр олгосон байдаг. Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд зээлийн эрсдлийн сан байгуулаагүй. Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй. Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон. Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь эрсдлийн сан байгуулсан байна.
АН-ын бүлэг шалгалтын дүнгийн 200 хуудас материалыг олон нийтэд нээлттэй болгох шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар биелүүлнэ гэж амалсан. Мөн түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуулийг хурдан шуурхай хэлэлцэж улстөрчдөөс хараат бус байх боломжоор хангахаар болсон. Энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, "Энэ долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн. Одоо Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавьж мухарлах хэрэгтэй. Тус банк нь Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд өсгөх томоохон төслүүдийг санхүүжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн том институц юм. Энэ институцийг бид улстөржүүлээд хаячихвал үнэ цэнэ нь буурна. Гадаад зах зээл дээрх Хөгжлийн банкны бонд эрсдэлд орно. Тиймээс тус банкны үнэ цэнийг хамгаалж, үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллах боломжоор хангах нь зүйтэй.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкаар дамжуулж олгосон нийт зээлийн 54 хувийг Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд зарцуулсан. Ялангуяа эдийн засгаа солонгоруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажилд зарцуулжээ. Энэ бүгдийг үр ашиггүй өр хэмээн нэг өнцгөөс тайлбарлах нь зохимжгүй. Засгийн газар Хөгжлийн банкны шалгалтын дүнг нууцын зэрэглэлээс гаргасны дараа шалгалтын материалыг олон нийтийн сүлжээнд ил тавина. Зарим нэг алдаатай зүйл байгаа байх. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхээр тусгасан.
Тодруулбал, Хөгжлийн банкаар дамжуулж хэрэгжих төсөл хөтөлбөрийн хэдэн хувь нь Монгол Улсын хөгжлийн бодлого, урт хугацааны баримт бичгүүдтэй уялдаж санхүүждэг байх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, Хөгжлийн банк бие дааж ажиллах боломжоор хангах ёстой. Гуравдугаарт, улс төрөөс хараат бус удирдлагыг томилдог байх хэрэгтэй. Эдгээр үндсэн зарчмуудыг хуулиндаа суулгаж өгсөн учраас хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжиж байгаа" гэв. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийнхэнд олгосон зарим зээлд Засгийн газар баталгаа гаргасан. Хэдэн аж ахуй нэгжийн зээлд Засгийн газар баталгаа гаргасан бэ. Ер нь Засгийн газар баталгаа гаргаад байх нь хэр оновчтой вэ?
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Ажлын хэсгийн акт дээрх мэдээллээс хувийн хэвшлийнхний авсан хэдэн зээлд Засгийн газар баталгаа гаргасан тухай мэдэх боломжтой. Яг цээжээр хэлэх бололцоогүй байна. Ер нь АН-ын бүлэг улс орны эдийн засагт зайлшгүй хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газар баталгаа гаргадаг байвал зохилтой гэсэн байр суурьтай байгаа. Одоо гаргасан байгаа Засгийн газрын баталгаа хуулийн дагуу юу, үгүй юу гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээс аваарай. Ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлээс удахгүй гарна. Засгийн газрын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Засгийн газрын баталгаа гаргаж олгосон зээл хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй.
Б.Туул