Филиппиний нутгийг хүчтэй хар салхи дайран өнгөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-26 11:39:27

МАНИЛА. /Reuters/. Филиппиний нутгийн зүүн хэсгийг 225 км/ц-ийн хурдтай, хүчтэй хар салхи дайран өнгөрчээ.

Орон нутгийн цагаар ням гарагийн 18:30 цагийн үед тус улсын Катандуанес арал орчмын эргээр “Нок-Тен” хар салхи дайран өнгөрсөн байна.  Хүний амь эрсэдсэн болон эд материалын хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна.

Гэхдээ хар салхи дайран өнгөрсний улмаас үер усны аюул нүүрлэж, хөрсний нуралт үүсч болзошгүй байгаа тул тус улсын Биколь мужаас 100 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 2 м өндөртэй давалгаа үүсч болзошгүй гэж анхааруулсан тул хэдэн арван боомтыг хаасан аж.

Одоо энэ хар салхи тус улсын гол арал болох Лусон руу чиглэн урагшилж байгаа бөгөөд нийслэл Манила хотод дөхөж ирэх үед хүч нь сулрах төлөвтэй байна.

Манила хот дахь зар сурталчилгааны самбаруудыг буулгахыг холбогдох албаны хүмүүс үүрэг болгожээ. Хүчтэй салхи хөдөлснөөр самбарууд унаж олон хүнийг гэмтээж бэртээж болзошгүй гэж албаны хүмүүс үзэж байна.

Хар салхинаас сэргийлэн аюулгүй газарт очихыг холбогдох албаны хүмүүс уриалсаар байна. Гэсэн хэдий ч хүмүүс Зул сарын баяраар гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын тулд энэ анхааруулгыг үл ойшоож байж магадгүй юм. Зул сарын баяр бол католик шашинт тус улсын ард иргэдийн хувьд хамгийн том баяр билээ.

2013 онд тус улсыг “Хайян” хар салхи дайран өнгөрснөөр 7350 гаруй хүн амиа алдаж байжээ.

Г.Доржханд

 

相关新闻