Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хэд хэдэн гишүүн асууль асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд "Шалганы асуудлыг яагаад хилийн цэрэг рүү шилжүүлж байгаа юм бэ? Яагаад энэ ажлын хэсэгт АН-ын төлөөлөл оруулахгүй байгаа юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Хил хамгаалах байгууллага 90 жилийн түүхтэй. 20 гаруй байнгын ажиллагаатай боомттой. Шинэ байгуулсан Гадаадын иргэн, харьяатын газар ажлаа хүчрэхгүй байгаа учраас шалгалтын асуудлыг буцаад хилийн цэрэг рүү шилжүүлэхээр болж байгаа юм" гэж хариулав.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Цаг үеийн шаардлагаар гаргасан төсөл гэж ойлгож байна. Хуулийн төсөл дээр ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх ёстой. Өмнө нь хилийн бүсийн 100 орчим км-ийг хасах гэсэн оролдлого явсан. Харин хилийн бүсээс 100 км хасахгүй гэж оруулж ирсэн Ц.Нямдорж гишүүнд талархаж байна. Сүүлийн үед захиалгын юм явдаг болсон байна. Ямар учраас хилийн бүсээс 100 орчим км хассан байв" гэхэд Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн "Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн зурвас, хилийн бүс гэсэн гурван ухагдахуун байдаг. Хил орчмын нутаг дэвсгэр гэдэг ухагдахуун бол өөрөө хилийн бүстэй давхцаад байсан юм. Хоёрдугаарт, хилийн бүсэд ямар нэг хориглосон хязгаарласан зүйл байхгүй атал зөвхөн тийшээ нэвтрэхийн тулд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан. Тиймээс нэгэнт хориглосон хязгаарласан зүйл байхгүй тохиолдолд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг хүнд суртлыг арилгах гэсэн юм. Иймд бүс, зурвас гээд хүмүүс төөрөгдүүлж байхаар Хил орчмын нутаг дэвсгэр гэдэг агуулгаар явах нь зөв гэж шийдээд оруулаж ирсэн юм. 100 км гэж хатуу тогтоосон зүйл байхгүй. 100 км гэдгийг баримжаагаар тогтоохоос өөр арга байхгүй. Хилийн бүсийг тогтоохдоо хөрш оронтой зах нийлэн хиллэж байгаа сумдын нутаг дэвсгэрийг хэлнэ гэж олон улсын гэрээнд заасан байдаг" гэж хариулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 60 орчим саналаар санал хураалт явуулав.
Н.Туяа