Эдийн засаг хүчтэй байж улсын аюулгүй байдал хангагдана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-21 16:01:53

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

2015 онд УИХ-ааc Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд УИХ-аар Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль гэсэн дөрвөн багц хууль шинэчлэн баталсан. Дэлхийн орнуудын гадаад бодлого, дотоод нөхцөл байдал төдийгүй Батлан хамгаалах салбарын олон улсын хамтын ажиллагааны агуулга өөрчлөгдөж, олон улсын терроризм, өнгөт хувьсгал, салан тусгаарлах үйл ажиллагаа зэрэг цэргийн аюулд хамаарах өөр шинэ хүчин нэмэгдсээр байгаатай уялдуулж бодлогын үндэс баримт бичиг болон салбарын багц хуулийн төслийг шинэчилсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, салбарын эрх зүйн орчны шинэчлэлд нэгэн шинэ үеийг нээгээд зогсохгүй улс орныг батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олгосон гэж үздэг.

 

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаарх орчин үеийн ухагдахууны талаар “Батлан хамгаалахын багц хууль нь 15 жилийн өмнө батлагдсан. Гэтэл Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухай ухагдахуун 15 жилийнхээс нэлээд өөрчлөгдсөн байдаг. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж хуулиудыг өөрчилсөн. Монгол Улсын гадаад аюулгүй байдал маш чухал. Гадаад аюулгүй байдлыг бид хоёр өнцгөөс харах ёстой. Нэгдүгээрт Монгол Улс идэвхтэй гадаад харилцаа явуулах ёстой. Ингэснээр манай улсыг мэдэх, хүндлэх, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа гадаад ертөнцөд түгэх юм. Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад аюулгүй байдлыг бататгах зорилгоор олон санал санаачилга гаргасан байдаг. Үүний нэг хэсэг нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа явдал юм. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоноор Монгол Улсыг НҮБ болон бусад улс орнууд цэрэг идэвхтэй хандивлагч, энх тайвны төлөө үйл хэрэгт хамтрагч гэж харж байгаа юм. Хоёрдугаарт бидний анхаарах ёстой асуудал бол дотоодын эв нэгдэл, ойлголцол, улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа юм. Мөн хамгийн чухал зорьж хийх ажил бол эдийн засгийн өсөлтийг хангах тухай асуудал. Дотоод эдийн засаг хүчтэй, ард түмэн чинээлэг бол энэ улсын аюулгүй байдал хангагдана гэж ойлгох хэрэгтэй" гэсэн тайлбарыг өгсөн.

Салбарын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр Батлан хамгаалахын яамыг үндсэн яамдын тоонд багтаасаны зэрэгцээ голлох хуулиудыг УИХ-аас баталсанаар эрх зүйн орчин талаасаа тодорхой болж, яам өргөн хүрээнд ажиллаж байгаа хэмээн онцлов. Түүнчлэн тэрбээр, “Батлан хамгаалах бодлого гэдгийг бид өрөөсгөл ойлгож ирсэн. Гадаадын халдлага, түрэмгийлэлтэй тулах юм шиг, эсвэл аль нэг улс оронтой тэмцэх юм шиг ойлгож иржээ. Батлан хамгаалахын бодлогыг баримт бичгийг УИХ-аас батлахдаа манай салбарын бодлогыг өргөн хүрээтэйгээр авч үзсэн. Товчдоо бол, батлан хамгаалах бодлогод хамаарахгүй салбар гэж үгүй. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, ХАА, үйлдвэрлэл гээд бүхий салбарыг хамрахын зэрэгцээ цэрэг-иргэний харилцаа, эх оронч үзэлийг хэрхэн төлөвшүүлэх гээд маш олон ойлголтыг хамруулж ойлгох ёстой. Ганц жишээ дурдахад, жил бүр цэрэг татлага явуулахад тодорхой тооны залуус эрүүл мэндийн хувьд тэнцдэггүй. Гэтэл улсаас хөрөнгө мөнгө, хүч гарган нэгдсэн зохион байгуулалтаар явуулж буй энэхүү ач холбогдолтой арга хэмжээний хүрээнд тоо гаргаад орхих биш. Цэрэг татлагын дараа эрүүл мэндээр тэнцээгүй залуусыг ирэх жил гэхэд хэрхэн яаж эрүүлжүүлсэн байх вэ гэсэн асуудал яригдана. Цаашлаад цэцэрлэгний наснаас нь үндэстнээ яаж эрүүл байлгаж, цэргийн насанд хүргэх гэх мэт олон асуудал зөвхөн цэрэг татлагатай уялдаж таарч байгаа юм” гэлээ.

Бага хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулсан бөгөөд хурлыг Монгол Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүүрагчаа даргалж явуулав. Энэ үеэр “Үндэсний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу”, “ХХ зууны Монголын геополитикийн орчин”, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ, батлан хамгаалах бодлогын ач холбогдол”, “Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улсын хил тогтоосны ач холбгдол” зэрэг сонирхолтой сэдвүүдээр эрдэмтэд, судаачид илтгэл тавьж, цаашид анхаарвал зохих асуудлаар зөвлөмж гаргалаа.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻