Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн сэдэвт маркийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн сэдэвт маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр Төрийн ордны Төрийн түүхийн музейд боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ю.Цэдэнбалын дүү Ю.Жавзан, Юмжаагийн Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч С.Галсан, УИХ-ын гишүүд, хүндэт төлөөлөгчид оролцсон юм.
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан марк гаргах захиалгыг Монгол Улсын Засгийн газраас “Монгол Шуудан” ХК-ийн Маркийн газарт өгчээ. Энэ дагуу захиалгаар дээрх маркийг хийж өнөөдрөөс эхлэн гүйлгээнд гаргаж байна. Анхны өдрийн дугтуйг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар тамгалж гарын үсэг зурж баталгаажууллаа.
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоол гарч, энэ хүрээнд Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” ном гаргасан, Ю.Цэдэнбал агсны төрсөн газар Дурсгалын гэрэлт хөшөө босгосон, эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулсан, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон зэрэг ажлыг зохион байгуулаад байгаа юм.
Энэ удаад Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг марканд ийнхүү мөнхөллөө.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ