ОХУ, Иран, Туркийн Гадаад хэргийн сайд нар уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-21 10:02:33

МОСКВА./NHK/.ОХУ-ын Засгийн газар Сири дэх иргэний дайныг зогсоох арга замыг хэлэлцэхээр Иран, Туркийн Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нартай уулзалт хийлээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу нар өчигдөр Москва хотноо болсон уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ.

Орос болон Иран улс Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрыг дэмждэг бол Турк улс сөрөг хүчнийг дэмждэг билээ.

Сирид явуулж байгаа ажиллагааны гол зорилго бол терроризмтой тэмцэх явдал болохоос биш Башар аль-Асадыг төрийн эрхнээс зайлуулах тухай асуудал биш юм Сергей Лавров мэдэгдэв.

Мөн тэрбээр хэлэхдээ “ОХУ, Иран, Турк гурвын хэлэлцээ маш үр дүнтэй болсон бөгөөд Сирид үүссэн нөхцөл байдлыг сайжруулах арга зам юм. Үүнийг хамгийн сүүлд явуулсан бидний ажиллагаа батлан харуулж байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, өнөөдрийн уулзалтаар бид Сирийн асуудлыг зохицуулах арга зам олох үүднээс хамтарсан тунхаг гаргахаар тохиролцсон гэв.

Сирийн Засгийн газрын цэргүүд Оросын талын дэмжлэгтэйгээр Алеппо хотын гол хэсгүүдийг хяналтдаа оруулснаар таван жил үргэлжилж байгаа иргэний дайнд давуу байдлыг олж аваад байна.

Д.Нямтулга

 

相关新闻