Хятадад мөс зүсэгч хөлөг онгоц үйлдвэрлэж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБЭЭЖИН. /TASS/. Хятадын анхны мөс зүсэгч хөлөг онгоцыг барьж угсрах ажил өнөөдөр Шанхай хотод эхэлжээ. Уг хөлгийг 2019 онд усанд тавихаар төлөвлөж байгаа тухай Синхуа агентлаг мэдээллээ.
Хөлөг онгоц барих ажилд оролцож буй инженерүүдийн ярьснаар “мөс зүсэгч хөлөг онгоц туулах чадвар сайтай учраас зузаан мөсийг зүсэн явж чадах” аж. Уг хөлгийг хамгийн орчин үеийн төхөөрөмжөөр тоноглохоос гадна тохь тухыг дээд зэргээр хангах ажээ.
Хятад улс 1984 оноос хойш Антарктидад судалгааны ажил явуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятадын эрдэмтдийн үйл ажиллагаа эрс идэвхжин, судалгааны дөрвөн бааз байгуулж, тавдахь баазаа байгуулах газрыг сонгоод байна. Хятадууд 1993 онд Украинаас худалдан авсан Xue Long /Сюэлун/ гэдэг нэртэй мөс зүсэгч хөлөг онгоцыг туйлын судалгаандаа ашигладаг аж.
Антарктид тив бол нүүрс, төмрийн хүдэр, зэс, хар тугалга, цайр, алт, никель, молибден зэрэг ашигт малтмалаар баялаг газар юм.
Олон улсын гэрээ ёсоор эдгээр нөөц баялгийг ашиглахыг 2041 оныг хүртэл хориглосон байна.
Х.Сарнай