Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд нарын өнгөрөгч аравдугаар сарын 27-ны өдөр дээрх хуулийн төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ТББ-ын чиг үүргийг тодорхой заажээ. ТББ-ын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтыг бий болгосон гэж төсөл санаачлагчийн илтгэлд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Даваасүрэн нар Ажлын хэсэг байгуулах саналыг хэлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан зэрэг гишүүд "Бизнесийн орчинг сайжруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах талаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байхад аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх эрсдэлтэй энэ хуулийн төслийг хэлэлцэх нь тохиромжгүй" хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн энэ төсөл батлагдвал бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэр хүндрэл үүсгэх талаар судалсан эсэхийг тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан бөгөөд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр 2”-ыг баталсан. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх зорилт дэвшүүлсэн болохыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн юм.
Тэрбээр мөн "Эдийн засгийн хямралын шалтгаан нь хариуцлагагүй байдал. Энэ утгаараа бүх түвшинд хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хуулийн төсөл батлагдаад хэрэгжих бол аж ахуйн нэгжүүдээс ямар нэг нэмэлт зардал гарахгүй. Хуулийг зөрчихгүйгөөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Хариуцлагын санкцыг өндөр байхаар тусгасан нь торгохын тулд биш хариуцлагатай байлгах зорилготой” хэмээн хариулт өгсөн юм.
Энэ мэт асуулт асууж, санал хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүд 80 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ