Ж.Эрдэнэбат: Дөрвөөс доошгүй их, дээд сургуулийг Азийн шилдэг дээд сургуулийн эгнээнд багтаана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-16 15:51:08

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж  буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд мэдээлэлдээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус салбарын 9 зорилт батлагдсан. Үүнд, дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх, оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг чиглэлд тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаагаа хэллээ. Тухайлбал, суралцагсадын нийгмийн баталгааг хангах чиглэлд Боловсролын сан байгуулж, оюутны зээлийн журмын хүрээнд зээл олгох ажлыг эхлүүлсэн. Оюутнууд суралцангаа цагийн ажил, сайн дурын ажил эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор "Орлоготой оюутан" хөтөлбөр батлуулжээ.

Засгийн газар 2016-2020 онд сургалт-судалгаа-үйлдвэрлэлд түшиглэсэн олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлнэ. 2021-2025 онд хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер парк байгуулах, дөрвөөс доошгүй үндэсний их сургуулийг Азийн шилдэг дээд сургуулийн эгнээнд оруулах, 2026-2030 онд олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөхүйц мэдлэг туршлагатай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоог бий болгоно хэмээн Ерөнхий сайд танилцуулсан юм.  

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 95 дээд боловсролын байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 87 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт ажиллаж байна. Тэдгээрт ажиллаж байгаа 12 мянган ажиллагсдын 7000 орчим нь үндсэн багш бөгөөд энэ хичээлийн жилд нийт 157 мянган суралцагчтай байна. Тэдгээр 151 суралцагчийн 133 мянга нь баклаврын, 20 мянга нь магистрын, 3800 нь докторын сургалтад хамарч буй судалгаа байдаг.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ-ын АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Бүлэг өмнөх парламентын үед баталсан хоёр ч хуулийн төслийг өөрчлөснийг буруутгаж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ оюутанд зээл олгох талаар гаргасан шинэ журам нь өмнөх Засгийн газраас баталсан “Сайн оюутан” хөтөлбөрөөс зөвхөн нэрээрээ ялгагдаж байна. Сургалтын төрийн санг Боловсролын сан болгож өөрчилсөн. Массачусетсийн технологийн их сургуультай эхлүүлсэн хамтын ажиллагаа, Японы тэргүүлэх их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийг хэрхэн үзэж буйгаа тодорхой дурдсангүй. Азийн хөгжлийн банктай хийсэн албан уулзалтын үед БСШУС-ын сайд, Засгийн газар нь “дээд боловсрол бол тэргүүлэх чиглэл биш гэсэн байр суурьтай” гэж ойлгосон байгаад тайлбар өгөх шаардлагатай хэмээн мэдэгдлээ.

Б.Туул

 

 

 

 

相关新闻