Европ дахь монголчууд сагсанбөмбөгөөр өрсөлдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөх толбо Европ-Монголын холбоо” ТББ нь саяхан Польшийн Вроцлав хотноо ахмад сагсан бөмбөгчдийн уламжлалт тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
Тус тэмцээнд Герман, Франц, Польш, Унгар, Чех, Швед улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын 25 багийн 200 орчим тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. 45-аас дээш насны эрэгтэй ангилалд Монгол Улсаас очсон “ПДС-85” баг түрүүлж, Шведийн монголчуудын “MGL-Од” баг мөнгөн, Германы монголчуудын “Цог” баг хүрэл медаль хүртсэн. 38-44 насны эрэгтэй ангилалд Германы “Мон-Бер”, “Цог”, Францын “Сонор” баг медаль хүртсэн бол 35-аас дээш насны эмэгтэй багуудаас Шведийн “MGL-Од”, Австрийн “Кристал”, Францын “Сонор” баг эхний 3 байрт шалгарлаа.
Энэхүү тэмцээн нь Вроцлав хотын “Редеко” спорт цогцолборт болсон бөгөөд Монгол Улсаас урилгаар очсон шүүгчид нутгийн шүүгчидтэй хамтран тоглолтуудыг өндөр түвшинд шүүн явуулсан энэ удаагийн тэмцээний нэг онцлог байв. Монгол хүнд нэгэндээ туслах хүсэл сэтгэл үргэлж байдгийг тус хандивын үйл ажиллагаанд оролцсон буянтнууд харуулж, мөнгөн тусламжаас гадна хүүхдийн эмнэлэг сувилалд шаардлагатай багаж төхөөрөмжүүдийг өгсөн юм.
Д.Өлзий