Залилан хийсэн 200 гаруй хятад хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-16 12:19:43

МАДРИД. /Reuters/. Испанийн тансаг харшууд бүхий хотхонуудад байрлах дуудлагын төвүүдтэй холбоотой 16 сая еврогийн залилангийн хэргээр Хятадын 200 гаруй иргэнийг цагдаа нар баривчилсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Сэжигтнүүд цагдаа болж жүжиглэн банкны дансанд хятад айл өрхүүдээр мөнгө хийлгүүлдэг байжээ.

Испанийн Мадрид, Барселона болон Аликанте хот дахь 13 дуудлагын төвийг цагдаа нар илрүүлэн хаажээ.

Энэ ажиллагаанд 600 гаруй цагдаа оролцсон байна.

Испанийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн комиссар Элой Куйрос өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “энд бид Хятадын хэдэн мянган иргэдийн талаар ярьж байна. Голдуу орлого багатай хятад айл өрхүүдийн хадгалж байсан багахан хэмжээний мөнгийг нь луйвардаж байсныг бид илрүүллээ” гэв.

Эдгээр дуудлагын төвд “маш өндөр нууцлалын дор” 50 хүртэлх тооны хүн ажилладаг байжээ

Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь аялж жуулчлах нэрийдлээр Испанид очоод тэнд үлдсэн хүмүүс аж.

Энэ залилангийн хэрэгт холбогдсон бүх сэжигтнийг шилжүүлэн өгөхийг Хятад улс Испаниас хүсчээ.

Г.Доржханд

 

相关新闻