БНКазУ-ын Тусгаар тогтносны 25 жилийн ойг тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-15 19:07:03

Бүгд найрамдах Казахстан Улсын /БНКазУ/ Тусгаар тогтносны 25 жилийн ой, Монгол Улс-БНКазУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүд, гадаад улс орнуудын Элчин сайд нар зэрэг хүндтэй зочид оролцсон юм.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландин: -Бүгд найрамдах Казахстан Улс нь Тусгаар тогносон 25 жилийн хугацаанд бат бэх төртэй, өсөн дэвжиж буй үндэсний эдийн засагтай, улс төрийн хувьд тогтвортой, бүх үндэсний болон шашинт иргэд эвтэй найртай бүрэн эрхт улс бүрэлдэн тогтоод байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгмийн салбарт ядуурал 47 хувиас 2,5 хувь хүртэл, ажилгүйдэл 13 хувиас 5 хувь хүртэл буурч, хүн амын орлого 28 ам.доллараас 302 ам.доллар хүртэл нэмэгдсэн байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тусгаар тогтносон эхний жилд 300 ам.доллар байсан бол 2016 онд 14,6 мянган ам.доллар өсчээ. Өнөөдөр Казахстан дэлхийн өндөр хөгжилтэй 30 улсын тоонд багтахын тулд 2050 он хүртэлх хөгжлийн стратегийг хэрэгжүүлж байна. Манай улс тусгаар тогтносноос хойших хугацаанд Казахстан Монголын хооронд найрсаг харилцаа бий болсон ба энэ нь харилцан итгэлцэл болон хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болж чадсаныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өнөөг хүртэл манай хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн 50 гаруй баримт бичиг харилцан үзэглэсэн байдаг бөгөөд нийтлэг эрх ашгийг харилцан хүндэтгэх байр суурьд тулгуурласан байдаг. Энэ дашрамд миний бие 25 жилийн найрсаг болон сайхан харилцааг бид  хамтдаа туулж өнгөрүүлсэнийг тэмдэглэж хэлмээр байна. Энэ хугацаанд хэцүү замыг туулж, чухал ажлыг хийсэн ч биднийг ирээдүйд даяарчлагдсан шинэ нөхцөл хүлээж буй. Гэсэн хэдий ч бид сайн түншийн, хамтрагчийн болон нэгэн үзэл санаатай болох Монгол Улсын найрсаг тулгуур дэмжлэгт найдаж болно гэдэгт бат итгэлтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: БНКазУ-ын Элчин сайд, Казахстаны ард түмэн болон зочдод баярын мэнд хүргээд “Өнгөрсөн 25 жилийн турш Монгол-Казахстаны харилцаа нь манай хоёр ард түмний эрх ашигт нийцэн тууштай хөгжиж ирсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр түвшинд олон чухал айлчлал хэрэгжиж, хамтын ажиллагаа бэхжсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 1998, 2005, БНКазУ-ын Ерөнхийлөгч 1993 1999 2008 онд айлчилсан нь хоёр орны харилцааны суурийг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болсон. Ази-Европыг холбосон манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд энхийг эрмэлзсэн гадаад бодлого явуулж байна. Найрсаг харилцаанд суурилсан манай хоёр улсын харилцаа цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэлээ. 

Мөн арга хэмжээний үеэр  БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев БНКазУ-ын 25 жилийн ойн 1-р одонгоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2-р одонгоор төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, дипломат Таукейн Султан нарыг шагнасныг Элчин сайд  Калыбек Кобландин гардуулан өгсөн юм. 

УИХ-ын гишүүн асан А.Бакей: 1990-ээд онд дэлхийн улс орнуудад ихээхэн өөрчлөлт орж, хуучин социалист гэгдэж байсан нийгмийн тогтолцоо задарч үр дүнд нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан эсгий туургатан, нүүдэлчин ард түмэн казахууд Казахстан улс болж Тусгаар тогтнолоо зарлан, туурга тусгаарласны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэр ард түмний олон жилийн турш хүсэн хүлээж байсан хүсэл нь биелсэн. Үүнээс хойш БНКазУ Үндсэн хуулиа баталж, энэ дагуу бие даасан тусгаар улсаа хөгжүүлэх том хөтөлбөр, зорилт тавьж, амжилттай хэрэгжүүлэн хурдтай хөгжиж байна. Эдийн засгаа солонгоруулан хөгжүүл, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ тэргүүлж байгаа орнуудын тоонд орсон. Монгол-Казахстаны хооронд эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн. Хамтын ажиллагааг цаашид бүх чиглэлд өргөжүүлж, улам хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. 

БНКазУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Жусуп Орынбай “Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Казах ахан дүүсийн найрсаг харилцааг идэвхжүүлэхэд зориулагдаж байна. Хоёр улсын харилцаанд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнах арга хэмжээ боллоо. Цааш цаашдаа хоёр улсын харилцааг идэвхжүүлэх олон арга хэмжээг бид төлөвлөн зохион байгуулах болно” гэж тодотгов.

Монгол Улс, БНКазУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколыг 1992 оны 01 дүгээр сарын 22-нд байгуулж байсан түүхтэй юм.

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал
 

相关新闻