Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-14 20:12:47

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов.

Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа. 

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон.

Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэнэ.

Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ. 

Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.

Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулна 

Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт даалгав.

2017 оны нэгдсэн төсөвт 117 төсөл, арга хэмжээг 857 тэрбум гаруй төгрөгийн гадаад зээл, тусламжаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнээс 74 төсөл, арга хэмжээг 723 тэрбум төгрөгийн гадаад зээлийн эх үүсвэрээр, 43 төсөл, хөтөлбөрийг 134 тэрбум гаруй төгрөгийн гадаад тусламжаас санхүүжүүлэхээр тооцсон юм.

Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан 74 төслийн 15 нь ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд одоо хэрэгжиж байгаа 59 төслийн 25 нь хэвийн, 21 нь хугацаандаа хэрэгжих боломжгүй, 13 нь зогсонги байдалд орсноор хөрөнгийн ашиглалт 10-аас дээш хувьтай байна.

Үүнээс болж хөрөнгө байршуулсны төлбөр, зээлийн хүү төлж эхлэх, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж үргүй зардал өсөх, урсгал зардал нэмэгдэх зэрэг хүндрэл үүсч эхэлжээ.

Иймд ТЭЗҮ, зураг, төсөв хийж батлуулсан төслийг эхлүүлэх, төслийн дэд бүтцийг урьдчилан шийдвэрлэх, худалдан авах ажиллагааны явц, хяналтыг сайжруулах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийн ажилд тавих хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

相关新闻