Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг.
Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулж, бие даасан байдлыг нь хангах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байна.
Улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн, самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, түймэр, хүн, малын гоц халдварт өвчний үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцуулах шаардлага байгаа учир Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, албан үүргээ гүйцэтгэх баталгаа, хязгаарлалтын талаарх зохицуулалтыг төсөлд тусган, хуульд заасан чиг, үүргээ хэрэгжүүлэх үедээ хэрэглэж болох галт зэвсэг, тусгай хэрэгслийн төрөл, хэрэглэх үндэслэл, журам, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг дотоодын цэргийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүрэгтэй уялдуулан тогтоох юм.
Дотоодын цэрэг хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглосон бусад тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэглэж болох бөгөөд хэрэглэх үндэслэлийг ч тодорхой болгох юм байна.
Цагдаагийн алба хаагч хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд эрх, эрх чөлөөнд нь халддаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ.
Тухайлбал, дээд шатны байгууллага, алба хаагчийн шийдвэр хуульд нийцсэн байх, шийдвэрийг биелүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан этгээд хариуцахаар тусгасан байна. Мөн цагдаагийн алба хаагч нь хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.
Цагдаагийн алба хаагчийн цолыг зөвхөн хашиж байгаа албан тушаалаар нь олгож байгааг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, алба хаасан хугацааг харгалзан үзэж байхаар тусгасан байна. Цагдаагийн дээд цолыг “комиссар” байсныг өөрчилж, “Цагдаагийн генерал” гэх нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ.
Хуулийн төсөлд мөн цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулж, тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалаа улс төрийн зорилгоор ашиглах, ажилтан, алба хаагчийг татан оролцуулахыг хориглох, улс төрөөс ангид байхаар тусгасан байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цэргийн албан хаагч урд нь иргэний байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийн хугацааг зургаан сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг нь нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг 2010 онд холбогдох хуулинд тусгасан.
Ингэхдээ алба хаагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсний дараа энгийнээр ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаа цэргийн алба хааснаар тооцуулж, тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгохоор ойлгогдож байсан юм. Энэ нь цэргийн алба хаагч болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын хооронд маргаан үүсгэж, хуулийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй, тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ өөрчлөн тогтоолгоход цаг хугацаа алдаж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа учир хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.
Эрэгтэй 25, эмэгтэй 20 жил алба хаасан бол цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд тэтгэврийг илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдүүлж байгаа. Харин илүү ажилласан сарын нэмэгдлийг ямар хувь хэмжээгээр тооцох талаар тодорхой зохицуулалт алга байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс … бодож тогтооно” гэсэн заалт орсон ч үүнд цэргийн тэтгэвэр авагч хамаарахгүй байгааг өөрчлөх шаардлагатай болсон байна.
Мөн цэргийн алба хаагч тухайн ажиллаж байсан байгууллагаасаа халагдсанаас хойш ажил эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдах, нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.