Хөгжлийн банк оны эхний хагаст алдагдалтай ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-14 18:14:57

УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр, санхүүгийн зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсов.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль ёс дээдлэх зарчмыг алдагдсан  хэмээн дүгнэж байгаагаа мэдээллийнхээ эхэнд онцолсон. Үүний дараа Сангийн яамны Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр тус банкны бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлаарх дүгнэлтийг танилцуулав.

Хөгжлийн банкны эх үүсвэрийг төгрөг, доллар,  ёвро, иен гэсэн 4 төрлийн валютаар анх төвлөрүүлж байжээ. Мөнгөн дүнгээр авч үзвэл 5.6 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрүүлсэн байна. Төвлөрүүлсэн эх үүсвэрээс 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон. Зээлийн эргэн төлөлт ирэх оноос эхлэх ба 2017 онд 1.6 тэрбум, 2022 онд 1.6 их наяд төгрөг төлөх нь хамгийн их төлөлттэй жилүүд байхаар байна гэсэн асуудал дүгнэлтэд дурдагдав.

Монголбанкны төлөөлөл уг ажлын хэсэгт багтсан ба зээлийн эрсдэл, төлбөр гүйцэтгэх чадварын эрсдэл, хүүгийн ханшийн эрсдэл, өөрийн хөрөнгийн хүрэлцээний эрсдэлд үнэлгээ хийжээ. Энэ тухайд Монголбанкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч н.Адилбиш, “Шалгалт орсон өдрийн байдлаар тус банкны нийт активын 79.6 хувийг зээл, 5,6 хувийг үнэт цаас, 7.7 хувийг гадаад дотоодын банкинд байршуулсан харилцах, 6.6 хувийг бусад хөрөнгө эзэлж байсан. Шалгалт орсон мөн өдөр тус банк 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон байв. Зээлийг гурван төрлөөр олгосон. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлэнд 3.2 их наяд , Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээлэнд 1.5 их наяд, арилжааны банкаар дамжуулж санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт 1 наяд төгрөгийг олгожээ.

Шалгалтын дүнгээр бол нийт 371 зээлээс 93 зээлийн хугацааг сунгасан байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлийн хүүгийн төлбөр 2016 оноос огт төлөгдөөгүй. Энэ төрлийн зээлийн хугацааг сунгахаар байна. Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлийн 123.1 сая ам.долларын эргэн төлөлт нь улсын төсөвт суухгүй бол тус банкинд эрсдэл үүсэхээр байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар Хөгжлийн банк алдагдалтай ажилласан" хэмээн энэ үеэр мэдээллээ.

Түүнчлэн ажлын хэсгээс бүтэц, зохион байгуулалт, урсгал зардал, зээлийн олголт дээр зөрчилүүд цөөнгүй гарсан байна. Тухайлбал, гүйцэтгэх удирдлагын баг нь мэргэжлийн бус, салбарын хэмжээнд ажиллаж байгаагүй хүмүүсийг томилсон, дотоод аудит ажиллуулаагүй, хөрөнгө оруулалтын нэгж шинээр нэмж байгуулсан, цалингийн санг нэмэгдүүлсэн, 2,5 тэрбум төгрөгийг олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор зарлагаджээ. Үүнд “Блүүмберг” телевизтэй 1.8 сая ам.доллараар гэрээ хийсэн, Санкпетрбургт айлчлахад нэг хүний хоногийн 1.2 сая төгрөгөөр төлөвлөсөн байв. Нийт томилолтын зардалп буюу 2011-2016 оны хооронд 3.8 тэрбум төгрөг зарцуулсан аж. 

УИХ дахь АН-ын бүлгийн хувьд өөр байр суурьтай байна. Бүлгийн дүгнэлтээс үзвэл, "Хөгжлийн банк нь санхүүгийн тайлан бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг баримтлан үйлдэж, хагас жил тутам нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж ирсэн. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг олон улсын тогтсон стандартаас гажсан санхүүгийн тохируулгуудыг хийсэн нь дотоодын санхүүгийн тогтолцооны дөрөвний нэгийг бүрдүүлдэг хамгийн том банк болох Хөгжлийн банкийг шууд төлбөрийн чадваргүй болгосон мэт харагдуулах, сүүлийн хугацаанд босгосон бондын эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулах зэрэг санхүүгийн системд гэнэтийн хүчтэй шок үүсгэх, эдийн засгийн асар том эрсдэлийг бий болгохоор байна. Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаах гэгчийн үлгэр болох гэж байна. Үүнд,

Нэгдүгээрт, Засгийн газрын  энэ оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт” нэртэй материал нь төрийн хууль тогтоомжийн дагуу хийгдэж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт нь зөрчилтэй байгаа  учраас УИХ-ын бүтцийн ямар ч байгууллага  ажлын хэсгийн дүгнэлт гэж  хэлэлцэх боломжгүй.

Хоёрдугаарт, Энэхүү ажлын хэсгээс ирүүлсэн материал нь улс төрийн зорилго агуулсан, хэтэрхий нэг талыг барьж мэргэжлийн бус дүгнэлт өгөхийг оролдсон учраас зохих журмын дагуу дүгнэлтийг дахин боловсруулж, УИХ-ын бүтцийн байгууллагаар  хэлэлцэх үед тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй.

Гуравдугаарт, Албажаагүй, эцсийн байдлаар УИХ, эрх бүхий байгууллага авч хэлэлцээгүй шалгалтын “дүгнэлт” нэртэй материалыг олон нийтийн сүлжээнд ил гаргаж, харилцагч аж ахуйн нэгжийн бизнесийн нууцлал, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан" хэмээн үзжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻