Монголын анхны хиймэл дагуул “MOZALA”-гийн ажлын хэсгийн гишүүн Японд ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ“Сансрын инженерчлэлийн программ, түүний хэрэглээ” төслийн хүрээнд Монголын анхны хиймэл дагуул болох “MOZALA”-гийн ажлын хэсгийн гишүүн М.Алтансүх Япон улсын Кюүшү технологийн институтэд ажиллаад ирлээ.
Тэрбээр судлаачаар ажилласан 14 хоногийн хугацаанд тус сургуулийн лабораториуд, BIRDS төслийн багш нар болон багийнхантай уулзан хурал, семинарт оролцож хиймэл дагуулын газрын станцын байгууламж түүний ажиллах зарчим, програм хангамжтай танилцсан байна.
Мөн Монгол, Гана, Нигери, Япон, Бангладеш, Тайланд, Тайвань зэрэг орны 1U хэмжээтэй таван хиймэл дагуулын антен угсралтад гар бие оролцож, симулятор ашиглан хиймэл дагуулын батaрейг цэнэглэж ажиллагааг шалгах, станцаас мэдээлэл дамжуулах, хүлээн авч боловсруулалт хийх туршилтад оролцжээ.
Тэрбээр ажлын тайлангаа танилцуулахдаа, “Кюүшү технологийн институтэд ажиллаж шинэ мэдлэг мэдээлэл олж авсан үр дүнтэй ажил боллоо. Цаашид Монгол Улсад ажиллах газрын станцыг суурилуулах, найдвартай ажиллагааг хангах, анхны хиймэл дагуул “MOZALA”-г удирдах, илгээсэн мэдээллийг авах боловсруулах, олон улсын бусад хиймэл дагуулын мэдээг авч боловсруулах, тусгай төхөөрөмжөөр, мэдээллээр хиймэл дагуулын байрлалыг дэлхийн аль ч хэсэгт байгаа улсуудын газрын станцын мэдээллийг ашиглан тодорхойлох, станц дээр гардан ажиллах боломжтой” гэдгийг хэлсэн юм.
Ж.Болор