Монгол-Казахстаны найрсаг харилцаа нь харилцан итгэлцэл, хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болж чадсан

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-12-14 16:34:24

Монгол Улс, Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жил болон Казахстан Улс тусгаар тогтносны 25 жилийн ойг тохиолдуулан БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Кобландинтай уулзаж ярилцлаа.

-Казахстан Улс тусгаар тогтносон он жилүүдэд буюу өнгөрсөн 25 жилийн түүхэн богинохон хугацаанд маш их амжилтад хүрч чадсан. Таны бодлоор тусгаар тогтносон он жилүүдэд Казахстан улсын хөгжилд гарсан гол үр дүн вэ?

-Энэ жил Казахстан Улс Тусгаар тогнолынхоо 25 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хугацаанд Казахстан Улс бат бэх төртэй, өсөн дэвжиж буй үндэсний эдийн засагтай, улс төрийн хувьд тогтвортой, бүх үндэсний болон шашинт иргэд эвтэй найртай бүрэн эрхт улс бүрэлдэн тогтсон юм.

Тусгаар тогтносон эхний өдрүүдээс л БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев «Эхлээд эдийн засаг, дараа нь улс төр» гэж улс орны зорилтыг тодорхойлсон. Өнөөдөр Казахстан дэлхийн өндөр хөгжилтэй 30 улсын тоонд багтахын тулд 2050 он хүртэлх хөгжлийн стратегийг хэрэгжүүлж байна.

Зах зээлийн эдийн засагт шилжиж буй нөхцөлд эн тэргүүнд хэрэгжүүлэх урт хугацааны нийгмийн бодлогоо бүрдүүлсэн нь хүн амын амьжиргааны түвшнийг сайжруулах, нийгмийн дэмжлэгийг хангах чиглэлд эерэг үр дүнд хүргэж байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгмийн салбарт ядуурал 47 хувиас 2,5 хувь хүртэл, ажилгүйдэл 13 хувиас 5 хувь хүртэл буурч, хүн амын орлого 28 ам.доллараас 302 ам.доллар хүртэл нэмэгдсэн байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тусгаар тогтносон эхний жилд 300 ам.доллар байсан бол 2016 онд 14,6 мянган ам.доллар өссөн юм. Бидний хувьд хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь эн тэргүүний гол зорилт хэвээр байна.

2015-2016 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Дэлхийн эдийн засгуудын өрсөлдөх чадварын тухай тайланд тогтоосон чансааны дагуу Казахстан Улс нь 148 улсаас 42-р байрт орсон юм. Дэлхийн банк болон «Doing Business-2016» Олон улсын санхүүгийн корпорацийн жил бүр гаргадаг чансаагаар Казахстан Улс нь дэлхийн 189 улсын тэргүүлэгч 50 орны тоонд багтсан билээ. Одоо Казахстан Улс илүү өндөр хөгжилтэй 30 орны тоонд багтах зорилт тавин ажиллаж байна.

-Казахстан Улсыг эдийн засгийн хувьд өнөөдрийн хэмжээнд хүртэл хүчирхэгжүүлэхэд нөлөөлсөн бодлого юу байв?

-Боловсруулах салбарын улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх зорилгоор 2015-2019 онд Казахстан Улсын аж үйлдвэр-инновацийн давшингуй хөгжлийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 500 орчим үйлдвэр байгуулагдсан нь боловсруулах аж үйлдвэрийн 9,4 хувийг бүрдүүлэх болсон юм.

2007-2010 оны хямралын үед Үндэсний сан байгуулсан нь улс орны эдийн засгийн урт хугацааны хөгжлийн зорилтуудыг харгалзсан стратегийн хадгаламжийн тэнцвэртэй тогтолцоо бүрдүүлэх боломж олгосон юм.

Нэгдэл нягтрал, хатан зоригийн ачаар бид эдийн засгаа хөгжүүлж, иргэний зөвшилцөлд хүрч чадсан билээ. Манай төрийн тэргүүний санаачилгаар дэлхийн болон уламжлалт шашнуудын удирдагчдын их хурлыг зарлан хуралдуулсан. Ингэснээрээ олон улсын мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх, орчин үеийн аюул заналыг сөрөн зогсоход дэлхийн шашнуудыг оюун санаа, ёс зүйн хувьд нэгтгэхэд Казахстан Улс тодорхой хувь нэмэр оруулсан юм.

Казахстан Улс нь төрийн тэргүүнийхээ тодорхойлсон төрийн тогтолцооны таван шинэтгэл хийх төрийн байгуулалтын чанарын хувьд шинэ шатанд шилжээд байна. Үндэстний Төлөвлөгөөний суурь заалт нь «Мәңгілік Ел» - «Мөнхийн улс» гэсэн нийт үндэстний эх оронч санаа юм.  

-Казахстан Улсын гадаад улс орнуудтай харьцах дипломат бодлого, олон улс дахь нэр хүндийн талаар Та юу хэлэх вэ?

-Өнөөдөр Казахстан Улс нь дипломат харилцааны талбарт томоохон амжилтад хүрч, эерэг болон бүтээлч асуудал дэвшүүлдэг олон улсын харилцааны хариуцлагатай оролцогч гэсэн нэр хүнд олж авсныг тэмдэглэх хэрэгтэй.

Астана хотод ЕАБХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан болон Казахстан Улсыг 2017-2018 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгосон зэрэг үйл явдал нь дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд Казахстан Улсын оруулж буй хувь нэмрийг тод харуулж байгааг зориуд цохон тэмдэглэхийг хүсч байна. Үүний зэрэгцээ манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хөдөлгөөнийг манлайлагчдын нэг, евразийн нэгдэл нягтралын үзэл санаа болон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг санаалчлагчдын нэг юм.  

Энэ оны дөрөвдүгээр сард Вашингтонд болсон цөмийн аюулгүй байдлын асуудлаархи Дэлхийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев «Энх тайван. XXI зуун» хэмээх Тунхаг дэвшүүлсэн билээ. Энэ нь өнөөгийн нөхцөл байдлыг бодитой дүгнэсэн бөгөөд Казахстан Улс энх тайван, бүтээн байгуулалтыг дэмжигч болохыг тод нотолсон нийт хүн төрөлхтөнд хандсан ил захидал юм.  Тунхаг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн албан ёсны баримт бичгийн статустай болсныг цохон тэмдэглэхийг хүсч байна.

XXI зуунд хүн төрөлхтний гол зорилт нь дайны аюул заналаас дэлхийг үүрд ангижруулах, дайн гарах шалтгаануудыг арилгах стратегийг хэрэгжүүлэх явдал юм. Үүнтэй холбогдуулан манай төрийн тэргүүн яг нэг жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр дэд бүтэц, баялгийн нөөц болон зах зээлийг бүх улс үндэстэнд тэгш хүртээмжтэй болгох үндсэн дээр дайн, мөргөлдөөнүүдийн шалтгааныг арилгахад чиглэсэн Дэлхийн стратегийн санаачлагууд-2045 төлөвлөгөө боловсруулах санал дэвшүүлсэн билээ.

Бүхэлдээ, Казахстан Улс нь түүх, соёлын баялаг өвтэй, эдийн засгийн чадавхи сайтай, тогтвортой бөгөөд амжилттай улсын үлгэр жишээ болж байна.

Нийт 32 хүчин зүйлийг харгалзан шинэ нийслэл Астанаг сонгожээ

-Казахстан Улс хуучин нийслэлээ нүүлгэж, шинэ нийслэл Астана хотыг цогцлоон байгуулж, дэлхийн газрын зурагт тэмдэглүүлсэн нь томоохон үйл явдал болсон. Харьцангуй богино хугацаанд өндөр хөгжилтэй хот болж чадсан Астанаг хурдтай хөгжүүлэх төлөвлөгөө, цаашдын зорилт юу байдаг бол?

-Казахстаны нийслэл нь оршин тогтнож буй 20 гаруй жилийн хугацаанд орчин үеийн геополитикийн болон гео эдийн засгийн нөхцөлд хүчтэй ардчилсан улс байгуулах гэсэн Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын стратегийн санааны биелэл болсон эрчтэй хөгжиж буй залуу хот юм.

Өнөөдөр Астана нь 800 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бүхий 1 сая давсан хүн амтай том хот болоод байна. Астана хотын өнгө төрх нь Кисе Курокава, Норман Фостер, Ренато Аркетти зэрэг дэлхийд нэртэй уран барилгачдын өвөрмөц бөгөөд дэвшилтэт санаануудын биелэл болсон юм. Бүтээн байгуулалтын он жилүүдэд Астана хотын хүн ам гурав дахин нэмэгдээд байна.

Хүн төрөлхтний нэн шинэ түүхэнд алтан үсгээр бичигдэх томоохон үйл явдлууд Астана хотын түүхэнд хэдийнээ тэмдэглэгдээд байна. Үүнд, юуны түрүүнд, Европ, Ази, Умард Америкийн 56 орны төр, засгийн тэргүүн нар оролцсон ЕАБХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан явдал хамаарна. Казахстан Улс нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас хамгийн түрүүнд ийм өндөр итгэл хүлээлгэсэн улс болсныг цохон тэмдэглэхийг хүсч байна. Мөн 2003 оноос эхлэн Астана хотод дэлхийн болон уламжлалт шашнуудын удирдагчдын их хурлыг таван удаа зохион байгуулсан юм. Түүнээс гадна, Астана нь дэлхийн эдийн засгийн салбарын шинжээчдийн харилцан ярилцдаг уламжлалт талбар болоод байгаа билээ. Жил бүр зохиогддог бөгөөд уламжлалт ёсоор Нобелийн шагналтнууд оролцдог,  Евразийн Давос маягийн, Астанагийн эдийн засгийн чуулга уулзалтаар орчин үеийн аюул заналхийлэл болон сорилтуудтай тэмцэх дэлхийн хэмжээний асуудлуудыг хэлэлцдэг юм.

-Нийслэлээ нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргахад ямар хүчин зүйл нөлөөлсөн бол? 

-Эдийн засаг, экологи, газар зүйн олон шалтгааны улмаас стратегийн «Астана» төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн юм. Хуучин нийслэл Алматы хот нь манай улсын газар зүйн төвөөс хэт хол байрлаж байв. Алматы хотын хүн ам 1,5 саяд дөхөж байлаа. Хотын барилгууд маш шигүү боссон байсан болохоор хотыг тэлэн хөгжүүлэх газар бараг үлдээгүй. Бас нэг хүндрэлтэй асуудал тээвэр байв. «Өмнөд нийслэлийн» экологийн нөхцөл нь жилээс жилд хүндэрч байсан. Алматы нь Казахстаны хамгийн их бохирдолтой хотуудын нэг болж байлаа. Нийгэм, эдийн засгийн индекс, уур амьсгал, байгалийн төрх, газар хөдлөлтийн нөхцөл, хүрээлэн буй орчин, тээврийн дэд бүтэц, барилгын салбарын чадавхи, ажиллах хүчин зэрэг 32 хүчин зүйлийг харгалзан нийт үндэсний хэмжээнд явуулсан судалгааны үндсэн дээр Акмола (Астана) хотыг хамгийн шилдэг сонголт гэж үзсэн юм.

Том нутаг дэвсгэртэй, төв хэсэгт байрласан, улс орны эдийн засгийн төвүүд болон зам харилцааны шугамуудад ойр байрлалтай, тээврийн дэд бүтэц өндөр хөгжсөн, хүрээлэн буй байгаль орчин таатай зэрэг нь Астана хотын шийдвэрлэх давуу талууд байлаа.

Нийслэлээ нүүлгэн шилжүүлсэн нь цагаа олсон, зайлшгүй шаардлагатай үйлдэл байсан бөгөөд эдийн засгийн гүн гүнзгий шинэтгэлийн хамт бүрэн эрхт улс төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх стратегийн чухал нөөц суурь болж чадсан нь өнөөдөр илэрхий байна. Энэ нь гэнэтийн хялбархан шийдвэр байгаагүй ба маш олон хүчин зүйлийг нарийн харгалзах шаардлагатай байсан нь гарцаагүй юм.

-Нийслэлээ нүүлгэн шилжүүлэх шийдвэрт танай ард түмэн тухайн үед хэрхэн хандаж, хүлээн авсан бол?

-Манай иргэдийн зарим нь энэ шийдвэрийг таатай хүлээн аваагүй. Ер нь агуу санаануудыг анхандаа дутуу ойлгох нь бараг л үргэлж гардаг зүйл билээ. Том зүйлийг алсаас олж харахад тодорхой хугацаа шаардлагатай гэж ярьдаг. Гэхдээ манай тохиолдолд казахчуудын олонхи нь хувь заяагаа Ерөнхийлөгчдөө бүрэн даатгаад улс орны хувь заяанд гарсан үндсэн өөрчлөлтүүдийг асар оргилуун сэтгэлээр хүлээн авсан юм.

-Ирэх жил Казахстан Улс олон улсын хэмжээний хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд ямар арга хэмжээ багтаж байгааг тодруулаач?  

-Казахстан Улсад жил бүр төрийн болон олон улсын хэмжээний олон арга хэмжээ зохиогддог. Казахстан Улсын хувьд 2017 онд зохиогдох гол арга хэмжээнүүдийн нэг нь ЭКСПО-2017 олон улсын үзэсгэлэн байх юм. ЭКСПО-2017 нь үндэсний төсөл бөгөөд Казахстан Улсын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, эрчим хүчний шинэ, ногоон технологиуд олж авах боломж болохыг та бүхэн мэднэ. Үзэсгэлэн зохион байгуулах нь улс орны нэр хүнд, эдийн засгийн хөгжилд таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх боломж олгоно гэсэн хүлээлттэй байна.

Өнөөдрийн байдлаар ЭКСПО-2017 үзэсгэлэнд  103 улс (түүний дотор Монгол Улс) болон олон улсын 17 байгууллага оролцохоо нотлоод байна. Казахстанд 2 сая орчим жуулчин ирнэ гэсэн хүлээлт байна. Үзэсгэлэнгийн үеэр соёл, олон нийтийн арга хэмжээнүүд зохиогдох нь тодорхой юм.

Казахстаны хувьд бас нэг чухал арга хэмжээ бол 2017 оны нэгдгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 8-ны хооронд Алматы хотод зохиогдох Дэлхийн оюутны өвлийн их наадам юм. Оюутны өвлийн их наадамд 64 орны 2000 оюутан оролцох төлөвтэй байна. Энэ нь Оюутны өвлийн их наадамд оролцох орнуудын тоогоор дээд амжилт тогтоохоор байна. Их наадам зохион байгуулах үед гадаад, дотоодын 3000 сайн дурын туслахуудыг ажиллуулна. Гадаадын 30 мянга орчим зочин болон жуулчин ирэх төлөвтэй байна. Монгол Улс бас Оюутны их наадамд оролцохоо мэдэгдсэнд баяртай байна. Одоо манай Элчин сайдын яам Монгол Улсын Оюутны спортын холбоотой хамтран Монголын оюутан тамирчдын оролцоотой холбоотой нарийн ширийн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

25 жилийн хугацаанд Монголоос нийт 90 мянган

казах ахан дүүс буцаж ирсэн

-Казахстан Улсын хувьд бас нэгэн “гайхагддаг” зүйл нь дэлхий даяар тархсан казах үндэстний цагаачдаа цуглуулж чадсан явдал. Энэ үйл явцыг хэдий хэр хугацаанд, ямар бодлогоор, хэрхэн амжилттай өрнүүлсэн талаар?

-Бие даасан улс болж чадсанаараа хэрэгжүүлсэн онцлох гол шалтгаануудын нэг нь гадаадад оршин сууж амьдарч байгаа казах үндэстнүүдээ улсын бодлогоор буцааж авчирсан явдал юм. Залуу Казахстан улсын төрийн шилжилт хөдөлгөөний бодлогын гол чиглэл бол казах үндэстнүүдийг нутагт нь шилжүүлэн буцаах явц юм. 

Шилжүүлэн суурьшуулах явцын дээд цэг нь 1990-ээд оны дунд үе байсан. Ингэснээр казах үндэстнүүдийг гадаадаас шилжүүлэн суурьшуулах ажил 1991 оны 2 дугаар сараас эхэлсэн ба тухайн үед анхны шилжин суурьшсан хүмүүс нь Монголоос ирсэн байдаг. Эрх чөлөөгөө тунхагласан 25 жилийн хугацаанд Монгол Улсаас нийтдээ 90 мянган казах ах дүүс маань буцаж ирсэн.    

Анхны шилжих хөдөлгөөнийг зохицуулсан Зөвлөлт социалист Казакийн бүгд найрамдах улсад ажиллаж амьдрах зорилгоор шилжин суурьших тухай хууль тогтоол Казахстан улсын хувьд 1991 оны 11 сарын 18-нд батлагдсан байдаг. Энэхүү тогтоолын гол зорилго нь зөвхөн шилжих хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй мөн улсын газар тариаланг бүхэлд нь хөгжүүлэх чиглэлтэй байсан гэж болно, учир нь тухайн үед энэ салбар гүн хямралд автсан байдаг.  

-Шилжиж очсон казахчуудад ямар урамшуулал, хөнгөлөлт, тусламж олгодог вэ?

-Одооны байдлаар буцаж ирсэн ах дүүс нартаа улсаас төрөл бүрийн тусламж үзүүлж байгаа бөгөөд жишээлбэл: ажилд оруулах, түр ба байнгын орон сууцтай болгох, эд зүйлсийн тусламж, сургалт болон эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг юм. Мөн иргэншил авах ба хууль зүйн тусламж үзүүлэх уян хатан систем бий.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улсад казах гаралтай хүмүүс оршин сууж амьдарч байна. Энэ нь нийт казах үндэстний 1/3 эзэлдэг буюу нийтдээ 5 сая хүн. Казах цагаачид дэлхийн хамгийн олон тооны цагаачдын нэг нь болж байна. Харин Монголд амьдарч буй казах үндэстнүүд бол бидний хувьд Монгол Улсын нийгмийн нэгэн салшгүй хэсэг юм.

Монгол Улс нь Казахстаны хувьд Ази тивийн худалдаа,

эдийн засгийн гол түнш болох боломжтой

-Монгол-Казахстан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж ирсэн талаар Элчин сайдын хувьд Та хэрхэн дүгнэх вэ?

-Манай улс тусгаар тогтносноос хойших хугацаанд Казахстан Монголын хооронд найрсаг харилцаа бий болсон ба энэ нь харилцан итгэлцэл болон хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болж чадсаныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Харилцан дээд хэмжээний уулзалтын давтамж нэмэгдэж байгааг Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимовын 2016 оны долдугаар сарын 15-16-ны хооронд АСЕМ-ын уулзалтын хурээнд хийсэн албан ёсны айлчлал нь яруу тодоор харуулж байна.

Өнөөдөр Монгол Улс нь Казахстаны хувьд Ази тивийн худалдаа, эдийн засгийн харилцааны гол түнш болох боломжтой. Иймээс төрөл бүрийн түвшний харилцан уулзалтууд нэмэгдэж байгаа нь Казахстан Монголын харилцаа маш ирээдүйтэйг харуулж байгаа бөгөөд бидний хувьд харилцаа хамтын ажиллагаагаа цаашид манай хоёр улсын болон ард түмний тусын тулд өргөжүүлэн тэлэн хөгжүүлэх бодлоготой байна.

Өнөөг хүртэл манай хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн 50 гаруй баримт бичиг харилцан үзэглэсэн бөгөөд нийтлэг эрх ашгийг харилцан хүндэтгэх байр суурьд тулгуурласан байдаг. Энэхүү нийтлэг үзэл санаагаар олон улсын болоод бүс нутгийн хэмжээнд ижил түвшинд байдаг нь манай хоёр улсын тохиролцсон байр суурийн илрэл болж өгдөг юм. Казахстан Монголын үзэл бодол өнөөгийн олон улсын асуудлуудаар ижил байр суурьтай байна. Гадаад бодлогынхоо чиглэлээр манай хоёр улс нэг нэгэндээ харилцан тусалж дэмжлэг үзүүлж байдаг.  

Энэ дашрамд миний бие 25 жилийн найрсаг болон сайхан харилцааг бид  хамтдаа туулж өнгөрүүлсэнийг тэмдэглэж хэлмээр байна. Энэ хугацаанд хэцүү замыг туулж, чухал ажлыг хийсэн ч биднийг ирээдүйд даяарчлагдсан шинэ нөхцөл хүлээж буй. Гэсэн хэдий ч бид сайн түншийн, хамтрагчийн болон нэгэн үзэл санаатай болох Монгол Улсын найрсаг тулгуур дэмжлэгт найдаж болно гэдэгт бат итгэлтэй байна. 

-Хоёр орны харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл нь спорт. Олимпийн наадам болон олон улсын тэмцээнүүдэд Казахстаны шигшээ багт монгол тамирчид оролцож байгаа. Энэ туршлагаа цаашид үргэлжлэх үү?

-Одоогийн байдлаар Казахстаны спортын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй хүн бол хувийн дасгалжуулагч Д.Энхбаатараар удирдуулсан Монгол Улсын иргэн байсан, Риогийн Олимпийн наадмын хүрэл медальтан Г.Отгонцэцэг билээ. Энд саяхан Д.Энхбаатарыг Казахстаны жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болгон томилох шийдвэр гарсаныг дурдах хэрэгтэй. Түүний өмнө үндэсний шигшээ багийг ирээдүйн тэмцээнүүд болон Токиогийн 2020 оны Олимпийн наадамд бэлтгэх зорилт бий болсон.

Түүнчлэн, энэ онд Элчин сайдын яамны оролцоотойгоор манай Дорнод-Казахстан мужийн тамирчдыг бэлтгэхэд монгол дасгалжуулагчдыг татан оролцуулах хэлэлцээрүүд хийгдсэн.

-Та саяхан Үндэсний Төв номын санд казах номын булангийн нээлтэнд оролцсон. Казах хэлнээс монгол хэл рүү орчуулагдсан номнуудаас Та ямар бүтээлүүдийг онцгойлон дурдах вэ?

-Өнгөрөгч 10 дугаар сарын 12-нд Монголын Үндэсний төв номын санд «Казахстаны булан» нээгдсэн. Тус арга хэмжээг БНКазУ-ын Тусгаар тогнолын 25 жил болон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн байрын хүрээнд манай Элчин сайдын яамнаас зохион байгуулсан юм. Энэ үеэр Элчин сайдын яам Үндэсний төв номын санд казах, монгол, англи болон орос хэл дээр 800 гаруй ном өгсөн. Үүний дотор Казахстаны анхны Ерөнхийлөгчийн Номын сангаас Нурсултан Назарбаевын бүтээлүүд орсон.

2015 онд монголын эрдэмтэн, профессор М.Шагдарсүрэн гуай Н.Назарбаевын «Цаг үе, бодрол», А.Кунанбаевын «Сургааль үг» номнуудыг монгол хэл рүү орчуулан гаргасан билээ. Одоогийн байдлаар Казахстаны алдартай яруу найрагч, зохиолч бусад алдартнуудын олонх номнууд монгол уншигч нарын гарт хүрээд байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

相关新闻