Ахмадуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулдаг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр улсын хэмжээнд 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Тиймээс ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Б.Туул