Осолдсон онгоцны багийнхан аюулгүйн бүсээ бүслэхийг зорчигчдод анхааруулаагүй ажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-13 16:50:42

ЛОНДОН./BBC/. Колумбад болсон аймшигт ослоос амьд үлдсэн нэгэн сэтгүүлч ярихдаа “нисэх онгоцны багийнхан техникийн асуудал гарсныг зорчигчдод хэлээгүй төдийгүй суудлын бүсээ бүслэхийг ч сануулаагүй” гэжээ.

11 дүгээр сарын 29-ний өдөр болсон нисэх онгоцны ослоор 71 хүн амиа алдсаны дотор Өмнөд Америкийн цомын тэмцээний финалын тоглолтод оролцохоор Бразилын Сан-Паулу хотоос Медельин хот руу нисч явсан Бразилын "Шапекоэнсе" клубын хөлбөмбөгчид байлаа.

"Шапекоэнсе" багийнхантай хамт нисч явсан 43 настай сэтгүүлч Рафаэль Энзел ярихдаа “нисэх багийн гишүүд зорчигчдыг суудалдаа сууж, хамгаалалтын бүсээ бүслэхийг огт сануулаагүй” гэсэн байна.

“Хэзээ онгоц буух вэ гэж асуухад тэд “10 минутын дараа” гэж хариулж байлаа. Гэнэт гэрэл унтарч, хөдөлгүүр зогсонгуут бид айж эхэллээ. Гэтэл нисэх багийнхан юу ч хэлж сануулаагүй. Онгоцон дотор харанхуй болмогц бүгд сандралдан суудалдаа буцаж сууцгаасан” гэж тэрбээр ярьж байна.

Энзел бол ослоос амьд гарсан зургаан зорчигчийн нэг юм.

Осолтой холбогдуулан Колумбын Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын албаны дарга Фредди Бонилья мэдэгдэхдээ “олон улсын стандартаар бол аливаа нисэх онгоц нь 30 минутын нислэг хийх шатахууны нөөцтэй байх ёстой. Харин осолдсон онгоцонд ямар ч нөөц түлш байгаагүй” гэжээ.

Түүнээс гадна нисгэгч болон Колумбын диспетчерүүдийн хооронд болсон ярианы бичлэгийг зарим мэдээллийн хэрэгслүүд олж авсан байна. Нисгэгч цахилгаан тоног төхөөрөмжүүд ажиллахгүй байгаа, шатахуун дуусч байгаа талаар ярьж, хэд хэдэн удаа буух зөвшөөрөл хүсч байжээ. Диспетчер буухыг зөвшөөрсөн байна. Харин нисгэгч 2,7 км-ийн өндөрт нисч байгаагаа хэлжээ.  

Колумбын зэвсэгт хүчний эх сурвалжийн ярьснаар, нисэх онгоц унах үедээ дэлбэрээгүй нь шатахуунгүй болсныг харуулж байгаа аж.

Х.Сарнай

 

相关新闻