Йеменд 10 минут тутамд нэг хүүхэд амиа алдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-13 16:13:24

САНА. /Aljazeera/. Өлсгөлөнгийн улмаас Йемен улсад 400 мянга гаруй хүүхэд амиа алдах эрсдэлд ороод байгаа бол 2,2 сая гаруй хүүхдэд яаралтай тусламж хэрэгтэй байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ.

Судалгааны дүнг үзвэл, өлсгөлөнгийн асуудал хамгийн дээд цэгтээ тулж хурцдаад байгаа бөгөөд 462 мянган хүүхэд хоол тэжээлийн хурц дутагдалд ороод байгаа нь тэдний тоо 2014 оноос хойш даруй 200 хувиар өссөн гэсэн үг юм.

Даваа гарагт нийтлэгдсэн уг тайланд хоол тэжээлийн дутагдал, суулгалт, амьсгалын замын халдварт өвчин зэргийн улмаас 10 минут тутамд нэг хүүхэд амиа алдаж байна гэж дурджээ.

“Ойрхи Дорнодын хамгийн ядуу энэ улсад хүүхдийн эрүүл мэндийн байдал сүйрлийн хэмжээнд хүрээд байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Мериткселл Релано онцлон хэллээ.

“Йеменд газар авсан хоол тэжээлийн дутагдал түүхэнд гарч байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байна” гэж тэрбээр дүгнэжээ.

5-аас доош насны хүүхдүүдийн амиа алдаж байгаа гол шалтгаан бол хурц хэлбэрийн хоол тэжээлийн дутагдал бөгөөд тэдний жинг өндөртэй нь харьцуулахад маш ядруу бараг л араг яс шиг харагдаж байна.

Йеменд агаарын бөмбөгдөлтөд хамгийн их өртсөн газар болох Саада хотод 10 хүүхэд тутмын 8 нь өсөлт хөгжилтийн хоцрогдолтой байна гэж дээрх тайланд дурджээ. Өсөлтийн хоцрогдол нь архаг тураалаас үүдэлтэй шинж тэмдэг бөгөөд биеийн эрүүл мэнд, танин мэдэхүйн үйл ажиллагаанд асар муу үр дагавартай юм.

20 сарын турш үргэлжилж буй дайн байлдааны хөлд нэрвэгдсэн Ходайда, Таиз, Хажжа болон Лаеж зэрэг бусад бүс нутгуудад нөхцөл байдал туйлын эрсдэлтэй байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгджээ.  

Х.Сарнай

 

相关新闻