Р.Тиллерсоныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-13 16:12:38

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна. 

Р.Тиллерсоны хувьд тус компанид 40 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2006 онд компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Түүнийг ОХУ-тай ойр харилцаатай байдаг гэдгээр нь сайн мэдэх болов уу. Тэрбээр АНУ-д нефтийн бизнес эрхэлдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай хүн юм. 2013 онд Оросын Засгийн газар түүнийг “Найрамдлын одон”-гоор шагнаж байжээ.

Тэрбээр АНУ болон ЕХ-ноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг буруушаадаг аж. Түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь хоёр улсын харилцаанд дорвитой өөрчлөлт авчирна гэж шинжээчид үзэж байна.

Харин АНУ-ын Конгрессын зарим гишүүд хэлэхдээ "Р.Тиллерсон ОХУ-тай хэтэрхий нягт ойрхон харилцаатай байдагт" санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

相关新闻