Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх бага хурал Нагасакид болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-13 10:35:53

НАГАСАКИ. /Kyodo/. Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх НҮБ-ын бага хурал Японы Нагасаки хотод болж байна.

Атомын бөмбөгдөлтөд нэрвэгдэж байсан тус хотод даваа гарагт эхэлсэн хоёр өдрийн бага хуралд дэлхийн 20 улсын засгийн газрын 30 орчим албаны хүмүүс болон судлаачид оролцож байгаа юм.

Атомын бөмбөгдөлтөнд өртөж байсан улсын хувиар Япон улс уг бага хурлыг 1989 оноос хойш бараг жил бүр зохион байгуулсаар ирсэн юм.  Өнгөрсөн оны бага хурал атомын бөмбөгдөлтөд өртөж байсан тус улсын хоёр хотын нэг болох Хирошимад болсон.

Атомын бөмбөгдөлтийн хор уршгийн улмаас зовж шаналж буй хүмүүсийн холбооны төлөөлөгч болох Сүмитэрү Танигүчи гэдэг хүн Нагасакигийн бөмбөгдөлтийн дараа болон саяхан авсан өөрийнхөө биеийн зургуудыг бага хурлын нээлтийн үеэр харьцуулан үзүүлсэн байна.

Танигүчи атомын бөмбөгийг “чөтгөрийн зэвсэг” гэж нэрлээд “энэ дэлхий ертөнц дээр нэг ширхэг ч ийм бөмбөг байх ёсгүй. Нагасаки атомын бөмбөгдөлтөд өртсөн сүүлчийн газар байх ёстой” гэлээ. Тэрбээр цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг аль болох ойрын хугацаанд боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг бага хуралд оролцогчдод хандан уриалжээ.

Г.Доржханд

 

相关新闻