Д.Трампын мэдэгдэлтэй холбоотойгоор БНХАУ ихэд түгшиж байгаагаа илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-13 09:45:44

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Нэг Хятад” бодлогын тухайд эргэлзсэн байр суурьтай байгаад БНХАУ-ын ГХЯ ихэд түгшиж байгаагаа мэдэгдлээ.

“Нэг Хятад” зарчмыг эрхэмлэх нь Хятад-АНУ-ын харилцааны улс төрийн үндэс суурь юм гэж БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэрвээ энэ үндэс суурийг ганхуулваас Хятад-АНУ-ын харилцаа болон чухал салбарууд дахь хоёр талын хамтын ажиллагаа цаашид эрүүл зөв замаар хөгжих эсэх нь эргэлзээтэй болно” гэжээ.

Д.Трамп өнгөрсөн ням гарагт “Fox News” телевизид ярилцлага өгч, “Нэг Хятад”-ын талаарх байр сууриа цаашид үргэлжлүүлэх үү гэсэн асуултад хариулахдаа “БНХАУ-тай худалдаа зэрэг бусад асуудлаар тохиролцож чадахгүй бол тус улсын явуулж буй “Нэг Хятад” бодлогод уягдаад байх шаардлагагүй” гээд “Хятад улс АНУ-тай хэрхэн харьцахаас “Нэг Хятад” бодлогыг цаашид дэмжих эсэх хамаарна” гэсэн юм.

Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Тайванийн асуудал бол Хятадын бие даасан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудал юм. Энэ бол Хятад улсын үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудал” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Энэ сарын эхээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэн, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп нар утсаар ярьсны дараа Хятад улсын ГХЯ Тайванийг шүүмжилж байсан юм. Гэхдээ тухайн үед тус яам Д.Трампын тухай огт дурдаагүй билээ.

Г.Доржханд

 

相关新闻