Таиландын шинэ эзэн хааны өршөөлд 30 мянган хүн хамрагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАНГКОК./TASS/.Таиландын угсаа залгамжлах хунтайж хаан ширээнд заларсныг тохиолдуулан зарласан өршөөлд 30 мянга орчим хүн хамрагдаж байна. Энэ тухай тус улсын Шүүхийн шийдвэр биелүүлэх Департаментын дарга Кобкиат Касиват мэдэгдлээ.
“Өршөөлд хамрагдсан хүмүүсийн эхний хэсгийг ойрын гурван өдрийн хугацаанд хорих газруудаас суллана. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн болон хар тамхи наймаалсан хэргээр шийтгэгдсэн хүмүүсийг өршөөлд хамруулаагүй” гэж Касиват хэлжээ.
Шинэ эзэн хааны өршөөлд багтсан олны танил хүмүүсийн дотор тус улсын парламентын гишүүн асан Чувит Камолвисит байна. Бизнес эрхлэгч, улстөрч тэрбээр шуугиан тарьсан үйлдлээрээ нийгэмд илүү танигдсан аж. Энэ хүн хэд хэдэн улстөрийн нам байгуулж байснаас гадна Бангкок хотын төв дэх 60 баар цэнгээний газрыг шууд хааж, тэдгээрийн байрлаж байсан газар дээр өөрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байжээ. Үүнийхээ төлөө тэрбээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байв.
Эзэн хаан Маха Вачиралонгкорн Бодинтхаратхеппхаяварангкун (Рама X) хаан ширээндээ заларсныг тохиолдуулан зарласан өршөөл үзүүлэх тухай зарлигийг Хааны ордны товчооноос ням гарагт гаргасан бөгөөд өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа юм.
Зарлигт дурдсанаар, хөгжлийн бэрхшээлтэй хоригдлууд, сэтгэцийн эмгэгтэй болон хорт хавдраар өвчилсөн хүмүүс, ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсээс гадна ялынхаа гуравны нэгийг эдэлсэн 60 дээш насны хүмүүст өршөөл үзүүлжээ.
Х.Сарнай