Дархан цаазат газарт зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-12 10:57:27

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дархан цаазат газарт галт зэвсэг авч явсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэр дэх дархан цаазат Бурхан халдун уулын орчимд буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг авч явсан 3, Цэнхэрмандал сумын нутагт зохих зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг бусдад шилжүүлсэн 2 зөрчлийг илрүүлэн, 5 бууг түр хураан авчээ. Зөрчил гаргагчдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ан агнуурын тухай хуульд заасны дагуу 534.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч хариуцлага тооцсон байна.

Уг хэргийг Жаргалтхаан сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал нарын ахалсан ажлын хэсгүүд орон нутагт хөдөлгөөнт эргүүлээр шалгалт хийж явахдаа ийнхүү илрүүлжээ.

 Иргэн та ахуйн зориулалтаар галт зэвсэг эзэмшиж ашиглах бол үүргийнхээ дагуу холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлж, зэвсэг галт хэрэглэлийн татвараа төлж, өөрийн биеэр цагдаагийн газарт ирж галт зэвсгийн нэгдсэн тооллогод хамруулахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас зөвлөж байна. 

“Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээ 12 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж.

Д.Одонтунгалаг

相关新闻