Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеэс 14.9 хувиар буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 18:32:01
Yesukheitumur Tumurbaatar

Цагдаагийн газарт энэ сарын 1-ний байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн 40 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь урьд оны мөн үеэс 7 нэгжээр буюу 14.9 хувиар буурсан талаар Төв аймгийн Цагдаагийн газрын мэдээлэв.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн хэрэг нь нийт гэмт хэргийн 5,8 хувийн эзэлж байгаа бөгөөд үүнээс 33 хэргийг яллах дүгнэлтээр, 1 хэргийг ЭБШХ -ийн 25.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. Мөн одоо хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд зургаан хэрэг шалгагдаж байгаа гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, ЦГ-ын ахлах дэслэгч Н.Нарантуяа тодотгосон юм.

Түүнчлэн энэ сарын 6-ны өдрийн 19,00-22,00 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг РС тоглоомын газруудын үйл ажиллагаанд  хяналт тавих нэгдсэн бүртгэл судалгааг явуулжээ. Судалгаагаар хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор шалгалт явуулсан гэдгийг албаныхан онцолж байлаа. Шалгалтын дүнд хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн бөгөөд тэдгээр газарт албан мэдэгдэл хүргүүлж ажилласан юм.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 410 тоот тогтоолын дагуу 19,00 цагаас хойш РС тоглоомын газрууд ажиллахгүй бөгөөд 16,00 цагаас хойш 14-16 насны хүүхэд тоглуулахгүй байх ёстой байдаг байна. Тиймээс насанд хүрээгүй хүүхдээ гэмт хэрг зөрчилд өртөхөөс болгоомжлон, тоглоомын газар хонож өнжихөөс сэргийлж байнгын хараа хяналттай байлгахыг ЦГ-аас онцгойлон анхаарууллаа.

Т.Есүхэйтөмөр

相关新闻