Ж.Дашдондог: Надтай хамт хүүхдүүд энэ шагналыг хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-09 12:46:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээв.

Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэл, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе", “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд багагүй  үүрэг гүйцэтгэжээ.

10 жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш 40 шахам ном туурвисан байна. Гадаадад түүний 10 гаруй гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж 30 гаруй ном гаргажээ.

“Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгосон.

1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо  Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, .... онд “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд СГЗ цол хүртжээ. Мөн олон улсын хүүхдийн уран бүтээлийн шагналыг гурван ч удаа хүртсэн талаар "Bookstore" сайтад мэдээлжээ. 

Энэхүү нэр хүндтэй шагналыг гардаж авсаны дараа сэтгүүлчид түүний сэтгэгдлийг сонссон юм.

-Өнөөдөр та эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаалаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн дээд шагнал гардуулж өгөхөд их олон юм бодогдож байна. Юуны өмнө 17 настай байхад минь миний анхны номыг улсын хэвлэлээр гаргаж, шүлгийн моринд мордуулсан Дамдинцоогийн Содномдорж гэдэг хүн маань дурсагдаж байна. Мөн Есөнбулагаас миний анхны номын тухай захиа бичиж, урмын сайхан үг хайрласан Лодонгийн Түдэв гуай минь  дурсагдаж байна. 

Өнөөдрийн Төрийн шагналын номын жагсаалтад миний “Аав, ээж, би” гэдэг ном багтсан. Энэ номыг би аав, ээж, дүүтэйгээ хамтарч зохиосон.  Энэ бол гэр бүлийн ном. Гэр бүлийн ном  маань Монголын олон айл, гэр бүлийн ном болж өргөжсөнд баяртай байдаг.  

Жаахан гутруу явахад ээж минь надад нэг удаа “Миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна” гэж хэлж байсан нь бодогдлоо. Ямар холыг хараа вэ гэж аав, ээж минь бодолд минь хөврөөд зогсож байна. даа.   

Надад их том урам зориг өглөө. Цаана нь уран бүтээлийн өндөрлөг бий. Төрөөс өгсөн энэ сайхан урам зоригоор шүлгийн номоо нэг сайн гуядаж аваад, “Морьтой үлгэр”-ээ хөтлөөд, шинэ уран бүтээлийн замдаа гарья гэсэн бодолтой байна. 

Төрдөө баярлалаа, Монгол Улсын Ерөнхийлөгч танд баярлалаа, хүүхдүүддээ гялайлаа. Би хүүхдүүдтэй хамт энэ шагналыг авч байгаа юм шүү. Миний зохиолыг уншиж, надад олон жил урам өгсөн Монголын хөөрхөн багачууд минь их баярлалаа. 

-Та өнгөрсөн хугацаанд хэдэн ном бичив? 

-100 орчим ном бичсэн. Гэхдээ хүүхдийн зохиол хутганы ир шиг нимгэн юм шүү дээ. Гадаадад 30-аад ном хэвлэгдсэн. Үүнээс Солонгост долоо, Японд таван ном хэвлэсэн дээ. 

Английн сурах бичигт миний “Есөгчин” гэдэг үлгэр багтсан. Өвөрмонголын сурах бичигт бас нэлээд орсон байдаг юм. Халимагийн сурах бичигт шүлгүүд маань орсныг би телевизээр харж байлаа.  

-Сэтгэгдлээсээ хуваалцсанд баярлалаа.   

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻