Өмнөд Солонгосын Ерөнхий сайд төрийн хэргийг цалгардуулахгүй байхыг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Хэрвээ Пак Гын Хэ-г албан тушаалаас нь огцруулах тухай саналыг Өмнөд Солонгосын парламент баталсан тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх ёстой Ерөнхий сайд Хван Кё Ан өнөөдөр мэдэгдэл хийж, төрийн хэргийг хэвийн явуулахад анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг сайд нарт уриаллаа.
Өмнөд Солонгост дэгдээд байгаа улс төрийн дуулиан шуугианд Пак Гын Хэ холбоотой гэж прокурорууд мэдэгдсэнтэй холбоотойгоор тус улсын парламент болох Үндэсний Ассамблей маргааш буюу баасан гарагт Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах гэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Хван хэлэхдээ “Ерөнхийлөгч Пакийг эрх мэдлээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар парламент санал хураалт явуулах гэж байна. Үүний нөлөөгөөр улс оронд тодорхойгүй байдал үүсч магадгүй. Засгийн газрын гишүүн бүр элдэвт сатааралгүйгээр үүрэгт ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.
Хэрвээ Пак Гын Хэг эрх мэдлээс нь түдгэлзүүлэх асуудлаарх санал дэмжигдвэл түүний үүргийг Ерөнхий сайд гүйцэтгэх юм.
Г.Доржханд