Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь 50 шахам хувиар ихэслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-08 12:26:10

Дорнод аймгийн хэмжээнд хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь урьд жилүүдээс 50 шахам хувиар ихэсчээ.

14-16 насныхан гэмт хэрэг хийх нь ихэсч тэр дундаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй гарав. Мэргэжлийн байгууллагынхан энэ байдлыг эцэг эхийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул, хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана юу хийж явааг нь мэддэггүйтэй холбон тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр баар, ресторанууд 20 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, компьютер тоглоомын газар 9 нас хүрээгүй хүүхдийг тоглуулахгүй байх зэрэг дүрэм журам мөрдөгдөхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсөх нэг шалтгаан болж байна гэж үзэж байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард гэхэд 22 гэмт хэрэгт 31 хүүхэд холбогджээ. Тэд хулгайн гэмт хэргээс гадна  их төлөв оройн цагаар бүлэглэн бусдыг дээрэмдэх, танхайрах үйлдэл гаргаж байгааг аймгийн Цагдаагийн ахмад, ахлах байцаагч Б.Алтантуяа ярьж байсан.

Өнөөдрийн байдлаар Цагдаагийн газрын хяналтад 4 хүүхэд байдаг, тэднийг мэргэжлийн байгууллагын сэтгэл зүйч давхар анхаарал тавин ажиллаж байна.

                                                                                                                                   Б.Туяа

相关新闻