Цагдаагийн газрын дарга сэтгүүлчдийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-07 22:58:59

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат өнөөдөр сэтгүүлчдийг хүлээн авч уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлэв.

Уулзалтын эхэнд цагдаагийн хурандаа О.Ганбат Хэнтий аймгийн эрүүгийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цагдаагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын санал, төслийн хэрэгжилтийг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны мэдээлэл сурталчилгааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.

Тус арга хэмжээнд  Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг Хэнтий, Өндөрхаан, Ногоон суваг телевиз, Хэнтийн мэдээ сонин, Тэмүүлэл, Тольдсуу сэтгүүл, Хэнтий, Ертөнцийн аялгуу фм радиогийн удирдлага, ажилтнууд, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20-иод төлөөлөгчид оролцсон юм.

Сэтгүүлчдээс цагдаагийн байгууллагын мэдээллийг ард иргэдэд шуурхай, ил тод хүргэж байх талаар хамтын ажиллагааны олон санал санаачилгуудыг гаргасан бөгөөд цаашид гарсан санал, туршлагыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Дашрамд дурдахад саяхан болж өнгөрсөн аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнд хүргэх зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж 173 сая төгрөгийг 2016 оны төсвийн тодотгол болон 2017 оны төсөвт суулгаж өгчээ.

Мөн 2016-2020 он хүртэлх Хэнтий аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд бүх сумыг нэг бүр нь 1,7 сая төгрөгийн үнэ бүхий согтуурал хэмжигч багаж, нэг бүр нь 2.5 сая төгрөгийн үнэ бүхий бэлэн бус торгуулийн машинаар хангахаар тусгасан байна. Мөн бүх сумыг камержуулах, аймгийн төв Чингис хотын камерыг өргөтгөхөөр  зураг төсвийн ажлыг хийж байгаа аж. 

Д.Одонтунгалаг

相关新闻