Дотоод хэргийн сайд Б.Казнёв Ерөнхий сайдаар томилогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-07 12:50:19

ПАРИС. /PrensaLatina/. Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд албан тушаалаасаа огцорсон Францын Ерөнхий сайд Мануэль Вальсын халааг Дотоод хэргийн сайд Бернард Казнёв авч байна.

М.Вальс огцрох хүсэлтээ мягмар гарагт Ерөнхийлөгч Франсуа Олландад хүргүүлсэн байна.

Ингэснээр ирэх оны зургадугаар сард болох парламентын сонгууль хүртэл тус улсын социалист засгийн газрыг Б.Казнёв удирдахаар боллоо.

Өнгөрсөн онд Парис хотод террорист халдлагууд болсноос хойш Францад аюулгүй байдлыг хангахад М.Казнёв ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

М.Вальсын хувьд Социалист намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнийг тодруулах үүднээс ирэх сард нам дотор явуулах анхан шатны сунгаанд өрсөлдөх гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ф.Олланд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэн олныг гайхшруулсан билээ. Ажилгүйчүүдийн тоог цөөрүүлэх болон терроризмтой тэмцэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэж өнгөрсөн оноос хойш түүнийг ард иргэд эрс шүүмжлэх болсонтой холбоотойгоор тэрбээр ийм шийдвэр гаргасан бололтой. Түүнийг дэмжигчдийн тоо саяхан 10 хувь болж буурсан нь "түүхэн доод үзүүлэлт" аж.

Г.Доржханд

 

 

相关新闻