МСҮТ-ийн төгсөгчдийг дэмжихээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-06 20:26:06

Баянхонгор аймгийн Өлзийт МСҮТ-ийг төгсөж байгаа 20 орчим төгсөгчийг дэмжиж ажилтай орлоготой байлгах үүднээс тариалан эрхлэх газартай болгож, гарааны бизнесийн жижиг зээл олгохоор орон нутгаас шийдлээ.

Газар тариалангаар олон жил мэргэшсэн, хийе гэсэн сэтгэлтэй хүмүүстэй хамтарч ажиллахаар бол мэргэжилтэн авчирч зөвлөгөө дэмжлэг өгүүлэх, тодорхой бодлогоор дэмжиж Баянхонгорт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж болох боломж байгааг аймгийн удирдлагууд мэдэгдсэн байна. 

Тус сургууль Баянхонгор аймагт байгуулагдаад 10 гаруй жил болж буй бөгөөд давхардсан тоогоор 5000 орчим суралцагч төгсжээ. Газар тариалан эрхлэх ажилд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг өөрийн дадлагын бааз дээрээ суурилан явуулдаг. Энэ нь мэдлэг дадлагыг газар дээр нь олгох сургалтын хүртээмжтэй өгөөжтэй хэлбэр болдог аж.

Сонирхуулахад, тус сургууль хүнсний болон нарийн ногоо тариалах 10 гаруй хүлэмжтэй, хүлэмж тус бүртээ хүнсний ногоонуудаа ангилан ялгаж ургуулдаг байна. Мөн монгол ямааны сүүгээр хийсэн япон технологийн бяслагийг нь гадныхан ихэд сонирхож байгаа гэнэ.

                                                                                                                          Б.Мөнхзул

相关新闻