Малчид мөнгөгүйгээс мах, сүү, цагаан идээгээр эмээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-06 13:43:34

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хувьд цас их хэмжээгээр орж зарим газруудад цасны зузаан их, хатуурч байгаа учраас бод, бог малын туур халцрах нөхцөл үүсээд байна хэмээн малчид ярьж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Шаамар, Ерөө, Хүдэр зэрэг нийт 9 сум цагаан зудтай, 2 сумын нутаг зудархуу байдалд шилжээд байна.

Дээрх сумдын нутагт 10-р сарын 19-нөөс хойш өнөөг хүртэл нийтдээ 20 орчим удаагийн цас орж, цасны зузаан 25-40 см, гуу жалгатай газраараа 45-60 см хүртэл цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөв үүсээд байгаа билээ. Иймээс энэхүү цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Засаг дарга өвөлжилт хүндэрч байгаа сумдуудын малчин өрхийн ахуй амьдралтай газар дээр нь танилцаж, тэдний эрүүл мэндэд анхаарлаа хандуулан ажиллах талаар бүх шатны байгууллагуудад албан тоот хүргүүлж, үүрэг чиглэл өглөө. Үүний дагуу энэ сарын 3-ны өдрөөс аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сайнцогоор ахлуулсан ажлын хэсэг Түшиг, Зүүнбүрэн сумдаас ажлаа эхэллээ.

Ажлын хэсэгт аймгийн ЭМГ-ын дарга Ж.Одоор ахлуулсан эмч эмнэлгийн баг бүрэлдэхүүний “Халуун сэтгэл-2017” аяныхан оролцож байна. Тэд өвөлжилт хүндэрсэн дээрх сумдын малчин айл өрхүүдэд эмнэлгийн цогц үйлчилгээг газар дээр нь хүргэн үйлчилж байгаа юм. Малчдын хувьд зөвхөн малаа л энэ өвөл аятайхан аваад гарах тухай ярьж байв. Харин тэдний зүгээс цас зудтай байгаа ийм үед эмч эмнэлгийн баг ажиллаж, сэтгэл санааны дэм тус үзүүлсэнд ихэд талархаж байгаагаа илэрхийллээ. Эмч нар нэг суманд 2 өдөр ажиллахдаа сумын төвөөс алслагдсан айл өрх бүрээр орж, тэдэнд үзлэг оношлогоо үзүүлэхийн зэрэгцээ зах зээлд нийлүүлэгдэж байгаа үнээс хямд буюу бөөний үнийн тарифаар эм нийлүүллээ.    

Ийнхүү ажлын хэсгийхэн сумдуудад ажиллаж байх явцад малчдад бэлэн мөнгөний хомсдол үүсээд байгаа нь ажиглагдлаа. Учир нь тэд эмнэлгийн үйлчилгээнээс “Уух эмээ” мах, сүү, цагаан идээ зэргээр солилцоо хийн авч байв. Мөн зарим нэг эм худалдаж авах боломжгүй иргэдэд эмч нар өөрийн мөнгөөрөө эм тариагаар үйлчилж, өргөсөн тангарагтаа үнэнчээ илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн тухайд орсон цасны хэмжээ сумдад харилцан адилгүй байна. Тухайлбал хамгийн их хур тунадас унадаг Түшиг сум одоогийн байдлаар өвөлжилт хэвийн байхад Зүүнбүрэн суманд хүндрэл үүсээд байгаа юм.  

Дараагийн “Халуун сэтгэл-2017” аян Хүдэр, Ерөө чиглэлд тун удахгүй хүлгийн жолоогоо залах гэж байна.  

Ч.Отгонцэцэг

 

相关新闻