Эрхийг нь хамгаалах өдрөөр ч эрхийг нь эдлүүлж чадсангүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг Өмнөговь аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал болон тэднийг хэрхэн асран хамгаалах талаар ярилцсан юм. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан олон нийтийн үйл ажиллагаанд өөрсдөө идэвхтэй оролцдог болсон талаар тус аймгийн Нийгмийн бодлогын мэрэгжилтэн н.Оюунбилэг ярилаа. 2009 онд уг арга хэмжээг зохион байгуулахад 20 гаруй хүн ирдэг байсан бол энэ удаагийн уулзалтанд 150 гаруй хүн оролцож байгааг онцлосон юм. Харин эрхийг нь хамгаалах уг өдөр тэдний эрх зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн н.Тунгалаг ярьсан юм. "12 дугаар сарын 1-нд уг арга хэмжээгээ зохион байгуулах газраа захиалга өгсөн ч өөр арга хэмжээ зохион байгуулахаар болж, нутгийн удирдлагын ордны доод давхарт буюу агаар муутай, жорлонгийн үнэртэй газар баярын уулзалтаа зохион байгуулж байна. Эрхийг нь хамгаалах өдөр ийнхүү эрх нь зөрчигдөж байгаад харамсаж байна" гэсэн юм.
Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 1604 иргэн байдгаас 211 нь 0-14 насны хүүхэд, 712 нь эмэгтэй, 591 нь төрлөхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ажээ.
Д.Мишигсүрэн