ӨМНӨГОВЬ: Багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-27 15:55:10

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Боловсролын газраас санаачлан сургалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн багш нарын бүтээлч төслийг шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.


Төслийн зорилго нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, багш бүрийн мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, инновац болон технологийг сургалтдаа үр дүнтэй ашиглах, шинэ санаа, арга зүйг нэвтрүүлэхэд дэмжлэг болох юм.  


Уралдаанд оролцох багш нар бүтээлч төслийг дэмжих агуулгын хүрээнд инновацлаг санаа, хамгийн бага нөөцөөр бодит асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл боловсруулж, заах арга зүйн чадварыг сайжруулах, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, дижитал технологи ашиглах ур чадварыг хөгжүүлэх, танхимын болон зайны сургалтыг хослуулсан загварыг үр дүнтэй хэрэгжүүлсэн байх зэрэг үзүүлэлтийг үйл ажиллагаандаа шингээсэн байх ёстой.


Мөн суралцагчдын бие даан суралцах, хамтран суралцахад дэмжлэг үзүүлэх менторинг, коучингийн тогтолцоо, сургалтын орчин, сурагчдын хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан шинэлэг, оновчтой санаа гаргах, хязгаарлагдмал нөөцөөр бодит өөрчлөлт бий болгох зэрэг үзүүлэлтийг хэрхэн хангасан зэргийг харгалзан дүгнэх юм.


Төслийн уралдааныг Өмнөговь аймгийн ЗДТГ болон Боловсролын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл mnugovi.edu@moes.edu.mn хаягаар болон цаасан хэлбэрээр хүлээн авна.


Өмнөговь аймгийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь техникийн дээд сургуулийн Коосен коллеж болон харьяа Политехникийн коллежийн багш нар оролцоно.  


Энэхүү үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлснээр сургалтын чанарыг дээшлүүлж багш нарын ажлыг үе шаттай дэмжин, шаардлага хангаж шалгарсан төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэн, цаашид урт хугацаанд хамтран хэрэгжүүлэх боломж бий болж байгаагаараа ач холбогдолтой юм.  

相关新闻