ӨМНӨГОВЬ: “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан 550 гаруй төслийг санхүүжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-30 09:01:35

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компанийн нээлттэй өдөрлөгийг Даланзадгад суманд энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.


Өдөрлөгөөр орон нутгийн иргэдэд худалдан авалт, хүний нөөцийн бодлого, уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломж бүрддэг бөгөөд энэ удаагийнх “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” орон нутагт үйл ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой боллоо.


“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” орон нутагт хэрэгжиж эхэлснээс хойш 550 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, бизнес болон бусад салбараар 840 орчим мянга хүнд хүрч ажиллажээ.


Тодруулбал, Өмнөговь аймгийн хэмжээнд нийгмийн дэд бүтцийн салбарт 79 төсөл, тогтвортой хөгжлийн төсөл буюу эрүүл мэнд, боловсрол, мал аж ахуй, усны менежмент, соёл, байгаль орчин зэрэг салбарт 471 төсөл, тэтгэлэг ба бичил зээлд 763 оюутанд 2 тэрбум, орон нутгийн 131 бизнес эрхлэгчид 5.7 тэрбум нийт 142.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Цаашид тус сангаар дамжуулан 2025-2028 онд 15 шинэ төсөл хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байгаа гэлээ.


Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат:

-Нээлттэй хаалганы өдөрлөгийг Манлай, Ханбогд, Баян-Овоо суманд зохион байгуулсан. Харин өнөөдөр Даланзадгад суманд зохион байгуулж байна. "Оюу толгой" компани Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хооронд хамтын ажиллагааны гэрээ байдаг. “Говийн оюу” хөгжлийн сангаар дамжуулан хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Тухайн санг 2015 онд байгуулж байсан бөгөөд тухайн үеийн аймгийн удирдлагууд байсан Б.Бадраа Б.Түвшинбаяр, Л.Батчулуун нар анх хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан юм.

Тэр цагаас хойш нийгмийн чухал салбаруудад 142,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. Хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эрүүл мэндийн салбарт оруулжээ. Эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж, эмч нарын сургалтын зардал зэрэгт хөрөнгө оруулжээ.

Мөн боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлууд тус сангаар дамжуулан хийсэнд талархалтай байна. Өнөөдөр бид өмнөх арван жилийн ажлаа дүгнэн хэлэлцэж, дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны гэрээгээ хэлэлцэн ярилцаж байна. Бид тус сангийн хамт олонд хамтын ажиллагааны хүрээнд хийх хөрөнгө оруулалтыг 20 сая доллар болгох саналыг албан ёсоор тавьж байна. Үүнийгээ албан бичгээр гэрээнд заасан нөхцөлийн дагуу өгч, хоёр талаасаа ярилцаж санал солилцоод явж байгаа. Энэ тал дээр хоёр талын ажлын баг маш сайн ажиллах хэрэгтэй. Ирэх 10 жилд хийх бүтээн байгуулалт болон онцлон хөгжүүлэх салбаруудад ямар ажлыг хэрхэн хийх талаар тодорхой шийдвэр, зорилтыг дэвшүүлж ажиллахаар төлөвлөж байна. Мөн Ханбогд сумын хөгжлийн хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа “Ханбогд хурдасгуур” сангийн үйл ажиллагааны хэрэгжилтийг тасалдуулахгүй улам эрчимжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Ингээд "Говийн оюу хөгжлийн дэмжих сан"-гийн хамт олондоо төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. 


"Оюу толгой" компанийн Даланзадгад дахь төлөөлөгчийн газрын менежер Д.Олжмэдэх:

-Говийн оюу хөгжлийг дэмжих сан 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд болон бусад салбар нэгжүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж ирлээ. Онцлохыг хүсэж байгаа зүйл бол тус хөтөлбөрөөр дамжуулан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар энэ хугацаанд 763 оюутан 2 тэрбум төгрөгийг сургалтын тэтгэлэг авчээ. Тэтгэлэгт хамрагдаж суралцсан төгсөгчдийн 85 хувь нь Өмнөговь аймагтаа ирж ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад бид маш их баяртай байдаг. Тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг хамруулснаар "Оюу толгой" компани өөрийн мэргэжилтнийг бэлтгэж байгаа бус харин аймагт эрэлт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг бэлтгэн хүний нөөцийг бүрдүүлж байгаа. Мөн энэ удаагийн өдөрлөгөөр ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургуулийн есөн оюутныг тэтгэлэгт хамруулахаар батламжийг нь гардуулан өглөө.

Мөн өдөрлөгийн үеэр Өмнөговь аймгийн удирдлагууд баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд манай сангийн ажилтнуудыг аймгийн Засаг даргын жуух болон ИТХ-ын хүндэт өргөжлөлөөр шагнаж урамшууллаа. Бидний цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжин дэлгэрч, үр дүнгээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

 

相关新闻