Д.Трамп Чингис хаанаас хэрхэн суралцаж болох вэ?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Thedailybeast/. Ж.Чосер, Т.Жефферсон зэрэг алдартай хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг Монголын удирдагч Чингис хааныг өдгөө зүгээр нэг хэрцгий зэрлэг хүн байсан гэж үзэж байна. Гэтэл өнөө үед эмх замбараагүй байдалд ороод байгаа Ойрхи Дорнодод Чингис хаан хэрхэн амжилттай дайтсан бэ?
Дэлхий даяар олон жижиг дайнд оролцож явсан АНУ-аас ялгаатай нь Чингис хаан ялалт байгуулах гэсэн цорын ганц зорилготой байжээ. Тэрбээр мэргэжлийн бус, хэсэгчилсэн, тохиролцоонд хүрсэн эсвэл сунжирсан ялалтын төлөө бус харин төгс ялалтын төлөө дайтаж байсан юм.
XXI зуун гарснаас хойш Афганистан, Ирак, Сирид дэгдсэн дайнуудад АНУ оролцож байлаа. Харин монголчууд өмнө нь эдгээр орнуудыг маш амжилттайгаар дайран эзэлж байсан. Монголчууд эдгээр улсуудыг хэдхэн сарын дотор эзлэн авч, Ираны хойд нутгийн уулан дундах цайзуудад байрласан “Алуурчдын шүтээн” гэдэг цуутай террорист бүлэглэлийг юу ч үгүй болтол нь устгаад зогсохгүй Монголын дэглэмийг эсэргүүцсэн бүхнийг нухчин дарж байв. Үүнээс гадна тэд лалын халиф толгойлогчийг хөнөөн устгасан юм.
Монголчуудын шийдэмгий хатуу цуст түрэмгийллийн дараа Ойрхи Дорнодын бүс нутагт урьд өмнө нь байгаагүй энх тайван, хөгжил цэцэглэлтийн зуун эхэлсэн бол одоо тус бүс нутаг дахь АНУ цэргийн ажиллагааны улмаас хүүхэд амь насаа алдаагүй, эмнэлгийг бөмбөгдөөгүй, энгийн иргэдийн эсрэг хорт хий хэрэглээгүй нэг ч өдөр алга. Энэ аймшгаас дүрвэсэн хүмүүс Европыг үй олноороо зорьж, тус тивийн тогтвортой байдалд ноцтойгоор заналхийлж байна.
Чингис хааны үеийн Их Монгол Улсын хүн ам “McDonald’s” түргэн хоолны сүлжээ компанийн нийт ажилтнуудын тооноос хоёр дахин цөөн буюу нэг сая орчим байсан бол цэрэг арми нь орчин үеийн ганцхан том цэнгэлдэх хүрээлэнд багтахаар 100 мянга орчим хүнтэй байсан юм. Тэрбээр ийм жижигхэн армитай байсан боловч хэдэн зуун сая хүн амтай улсуудыг эзлэн авч, захирч байсан билээ.
Харин АНУ-ын хүн ам Чингис хааны үеийн Монголынхоос 300 дахин их, зэвсэгт хүчин нь 20 дахин нүсэр том ба төсөв, технологийн хувьд зүйрлэшгүй. Монгол цэргүүд нум сумаар зэвсэглэн илүү хөгжингүй Хятад, Хорезмтой дайтсан. Монгол цэргүүдийн Иракт хийсэн дайн яагаад амжилтад хүрч, харин бид яагаад бүтэлгүйтээд байна вэ?
Америкчууд Чингис хааны дайтах, амьдрах болон бусад үйл хэргийг сургамж болгон авахыг боддоггүй. Учир нь бид түүнийг Александр, Цезар, Наполеон зэрэг Өрнөдийн баатарлаг дайчидтай харьцуулахын аргагүй Азийн зэрлэг бүдүүлэг нэгэн гэж үздэг учир түүнээс суралцах юм байхгүй гэж боддог. Бичиг үсэгт тайлагдаагүй нүүдэлчин эрийг Европын түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу удирдагчид, дайчидтай зүйрлэх нь утгагүй биз.
Гэхдээ Өрнөдөд түүнийг маш ихээр хүндэлдэг байсан цаг үе бий. Жеффри Чосер түүнийг “Нэр төртэй, сүрлэг хаан” хэмээн хүндэлж “аливаа асуудлыг зохицуулахдаа түүн шиг сайн удирдагч дэлхий дээр байгаагүй” гэж бичжээ. Харин Томас Жефферсон Чингис хааны намтрыг цуглуулдаг байсан бол Эдвард Гиббон түүнийг сайшаан магтдаг байв.
Өнөө үеийн хүмүүсийн ихэнх нь Чингис хааны ялалтуудыг харгислалын үр дагавар гэж үздэг. Энэ хаан дайснуудаа дарахын тулд газрын хөрстэй тэгшлэх тактик баримталдаг байсан нь үнэн билээ. Хэрвээ зөвхөн харгис хэрцгий тактик л ялалтад хүргэдэг байсан бол Солонгосын дайнаас эхлэн бусад бүх дайнд АНУ хялбархнаар ялалт байгуулах боломжтой байсан. Чингис хааны ялалтуудыг үл тоомсорлож болох хэдий ч түүний маш цэгцтэй, нарийн нягт төлөвлөгөө, хэрэгжүүлэлт гэсэн гурван зүйлийг Америкийн бодлого боловсруулагчид, армийн удирдагчид тоомсорлохгүй байж болохгүй юм.
Э.Гиббон, Т.Жефферсон нар бидний ажиглаж чадаагүй ямар чанаруудыг Чингис хаанаас олж харсан юм бол? Чингис хааны амжилтыг үндсэн таван ойлголтоор нэгтгэн үзэж болох бөгөөд тэрбээр эдгээр ойлголтын ачаар дайтаж, эзэлсэн газар нутагтаа энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчирч байсан билээ.
Бүрэн дүүрэн бат итгэл: Чингис хаан ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй болохоос нааш дайсан руугаа довтолдоггүй байжээ. Тэрбээр юуны түрүүнд цэрэг армиа бэлтгэж, дайсныхаа арми болон нийгмийн дотоод байдлын талаар асар их мэдээллийг цуглуулдаг байв. Ингэсний дараагаар тэрбээр ялах төлөв харагдахгүй бол дайралтаа зарим тохиолдолд хэдэн жилээр ч хамаагүй хойшлуулдаг байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр хэзээ ч зорилгоо умартдаггүй, түүнээсээ ухардаггүй байсан юм. Хэрвээ тэрбээр дайн зарласан л бол маш хурдан хугацаанд ялалт байгуулна гэсэн бат итгэл цэргүүдэд бий болдог байсан бөгөөд ямар ч тохиолдолд цэргүүдийнхээ амь насыг хамгаалахын тулд боломжит бүх аргыг Чингис хаан өөрөө сүвэгчилдэг байжээ. Чингис хаан ард иргэддээ маш их итгэл найдвар хүлээлгэдгийн адилаар ард иргэд нь ч мөн Хаандаа бүрэн дүүрэн итгэдэг байв.
Тодорхой байдал: Чингис хаан нь дайн болон энх тайвны алинд ч тэр зорилгоо маш тодорхой гаргадаг бөгөөд тэрийгээ ч дайснууддаа, дагалдагч нартаа шуудхан ойлгуулдаг байжээ. Тэрбээр ямар нэг улсыг дайлахдаа ард иргэдэд нь ашигтай ганцхан сонголтыг үлдээдэг байна. Үүний нэгэн адил америкчууд дэлхийн II дайнд Япон, Германы эсрэг довтлохдоо шууд бууж өгөх эсвэл устаж мөхөх болзлыг тулгасан юм. Холбоотнууд Германы Дрезден, Вурцбург хотуудыг бөмбөгдөж, АНУ Нагасаки, Хирошима хотын хүүхэд, эмэгтэйчүүдийн дээрээс атомын бөмбөг хаясантай адилаар Чингис хаан ч гэсэн энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдсэн. Өөрийнх нь эсрэг тэмцсэн хэнийг ч болов Чингис хаан устгаж, харин бууж өгсөн нэгнийг ивээлдээ аван хэн бүхнээс хамгаалан, амласан бүхнээ биелүүлдэг байжээ.
Сонголтууд: Чингис хаан дайтах болсон шалтгаанаа үргэлж тайлбарлаж, дайтахгүйгээр бууж өгөх нь ямар давуу талтай болохыг дайсандаа сануулдаг байв. АНУ-ын Ерөнхийлөгч нар ардчиллыг сэргээх, хүний эрхийг дээдлэх, эмэгтэйчүүдэд тэгш эрх олгох болон дэлхий дээр шинэ хэв журам тогтоох гэх мэт элдвийн бүрхэг зүйл ярьдаг бол Чингис хаан дайсны хотууд руу суманд захиа бэхлэн харвах эсвэл элч нараараа дамжуулан маш тодорхой, ашигтай саналуудыг тавьдаг байв. Тэрбээр эмэгтэйчүүдийг хулгайлж наймаалахыг хориглож, шашны байгууллагууд болон эмч, эмийн санч зэрэг нийгмийн үйлчилгээний ажилтнуудыг татвараас чөлөөлж, хүн бүрт өөрийнхөө шашныг шүтэх эрх чөлөө олгож, авлига авсан албан тушаалтнууд болон хулгай хийсэн хүмүүсийг цаазална гэсэн амлалтаа ямагт биелүүлдэг байлаа. Мөн тэрбээр өөрт нь бууж өгсөн дайснуудад нэмэлт татвар ногдуулахгүйгээс гадна худалдаачдад татварын хөнгөлөлт үзүүлдэг байв. Үүний зэрэгцээ алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн олгох явдлыг баталгаажуулж, аялал, худалдааг хөнгөвчилсэн өртөөний тогтолцоог бий болгожээ. Харин бууж өгөхийг эсэргүүцсэн хүмүүсийн хувь заяа бүрхэг байдаг ба монголчууд “Тэнгэр мэдтүгэй” хэмээн шийдвэрлэдэг байжээ.
Үр дагавар: Монголчуудын заналхийлэл тодорхой бус байдаг хэдий ч үр дагавар нь аймшигтай байлаа. Юуны түрүүнд Чингис хааныг эсэргүүцсэн удирдагчид болон тэдний өв залгамжлагчид, язгууртнууд болон нөлөө бүхий удирдагчдыг бүгдийг нь цаазална. Чингис хаан дайснуудаа хэзээ ч ятгаж, доромжилж, өөрийн гүрэндээ нэгтгэдэггүй байсан байна. Тэд үргэлж асуудал үүсгэж, эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг Чингис хаан мэдэж байлаа. Мөн тэд хүн ардаа миний эсрэг босгоод ч ялж чадаагүй учир тэд надад хэрэггүй гэж тэрбээр үздэг байв. Тэгээд тэднийг шууд цаазалдаг байсан бөгөөд армид нь ч тэгж хандана. Тэрбээр хуучин элит хүмүүсийг хөнөөх боловч нэхмэлчин, уран дархан, шаазан ваарчин, бичиг үсгийн хүмүүс, орчуулагч гээд чадварлаг, мэдлэгтэй хүмүүсийг өршөөдөг байжээ. Харин ямар нэг чадваргүй, мэдлэггүй хүмүүсийг дараагийн дайндаа амьд бамбай болгон ашиглах, суваг шуудуу ухах зэрэг монгол хүний хувьд гутамшигтай эсвэл аюултай ажилд зүтгүүлдэг байсан аж.
Тууштай зан чанар: Чингис хаан амлалтаа биелүүлэх, хууль ёс, энх тайван тогтоох тал дээр тууштай байжээ. Толгой дээрээ дүүрэн алттай ваар тавьсан залуу бүсгүй Монголын эзэнт гүрний нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл ямар ч дээрэм тонуулаас айлгүйгээр явдаг гэж Персийн он тооллын бичиг хөтлөгч Жувейни бичжээ. Чингис хаан дайн хийхэд тэр нь жинхэнэ бүрэн хэмжээний дайн, энх тайван тогтооход тэр нь жинхэнэ утгаараа энх тайван болдог байлаа. Тэрбээр дайнд ч тэр, захирахдаа ч тэр үргэлж тууштай байсан юм.
Чингис хаан баримталдаг зарчмуудынхаа нэгэн адил бодит амьдралын туршлагаас зогсолтгүй суралцан өөрчлөгдөн буй нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэйг ойлгожээ. Тэрбээр тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ухаантай, зоригтой зарим дайснаа өршөөдөг байжээ. Нэгэн дайны үеэр дайсны цэрэг Чингис хаан руу довтлон унаж явсан морийг нь харвасны дараа тэрбээр олзлогдсон цэргүүдийг жагсаан, морийг нь хэн харвасныг асуухад нэгэн эр аймшигт үхэл хүлээж байгааг мэдсэн хэдий ч урагш алхан гарч ирсэн байна. Дайсныхаа удирдагч руу довтолж зүрхэлсэн зоригт эр надад хэрэгтэй хэмээн Чингис хаан үзээд түүний амийг өршөөн хэлтрүүлж армийнхаа жанжнаар томилжээ. Тэрбээр морийг нь алсан нумны зэвийг бодон зоригт эрд Зэв гэдэг нэр өгсөн байна. Хожим нь Зэв Монголын шилдэг жанжнуудын нэг болсон билээ. Үүний нэгэн адилаар Чингис хаан дайсан нь болох Хэрэйдийн Ван хааны цэргийг бут цохих үед ялагдахаа мэдсэн ч удирдагчаа амь биеэ хайрлалгүй хамгаалж байсан торгон цэргүүдийг хараад тэдний амийг өршөөжээ. Энэ тулааны дараа тэрбээр торгон цэргүүдээс өөрийн удирдагчаа хамгаалж байсан шигээ намайг хамгаалж чадах уу гэж асууж байсан гэдэг.
Чингис хаан зуун жилийн энх тайвныг тогтоосон билээ. Гэвч тэрбээр зөвхөн өөрийн армийн сүр хүч болон дайснуудаа устган дарсны ачаар ийм амжилтад хүрээгүй юм. Тэрбээр Монголыг дагавал илүү сайхан амьдрах болно гэдэг санал тавьж, хавчлагаас эмээлгүйгээр уламжлалт соёл, шашнаа шүтэж болно гэсэн баталгааг бүх үндэстэнд өгснөөр энх тайван байдал тогтсон юм. Тэрбээр бусад үндэстний хүмүүсийг монголчуудын амьдралын хэв маягт хүчээр оруулах гэж хэзээ ч оролдож байгаагүй.
Эцэст нь дүгнэхэд, бүрэн дүүрэн итгэлтэй, тодорхой байдал, сонголт, үр дагаврын мэдрэмж болон тууштай зан чанар нь Чингис хааны хамгийн чухал зэвсэг байжээ. Дэлхий дахинд терроризмтой тэмцэхэд чиглэсэн АНУ-ын эмх замбараагүй, төлөвлөгөөгүй цэргийн ажиллагаанд дээрх бүх зүйл дутагдаж байна. Манай удирдагчид чанга хатуу боловч утга авцалдаагүй зүйлс чалчиж, террористуудтай хатуу тэмцэж байгаа хэдий ч үр дүн нь тааруухан байна. Ийм учраас манай шинэ Ерөнхийлөгчид Чингис хаанаас суралцах зүйл их бий гэж "Чингис хаан ба Бурхны эрэлд" номыг бичсэн Жек Уэтерфорд бичжээ.
Д.Нямтулга