Нутгийн зөвлөлийнхөн малчиддаа туслах аян өрнүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан "Малчиддаа туслая" сайн үйлсийн аяныг эхлүүллээ.
Өвөлжилт туйлын хүндрэлтэй 4 аймгийн тоонд орсон Хэнтий аймгийн хэмжээнд 2016 –2017 оны өвөл, хавар 18 сумын 84 багт 7084 өрхийн 3,8 сая буюу хонин толгойд шилжүүлсэнээр 6,7 сая мал өвөлжиж байна. Зарим малчин өрхүүд отроор малаа өвөлжүүлж байна. Хэдийгээр дөнгөж 11 сар гарч байгаа ч аймгийн хойд хэсгийн 11 суманд өвөлжилт хүндрэлтэй, цасны зузаан 25–35 см, цаснаас дээш ургамал байхгүй, бэлчээр цасанд бүрэн дарагдсаны улмаас малчин өрх малаа 7–30 хоног тэжээх нөөцтэй, аргал хөрзөн норж түлэх түлээгүй, мал хэвтэрлэх боломжгүй болоод байгаа юм.
Түүнчлэн өөр аймгуудаас олон мянган толгой мал оторлон орж ирээд байгаа нь өвөлжилт хүндрэх нөхцлийг нэмэгдүүлж байгаа аж. Цаашид цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад Хэнтий аймгийн төвийн болон хойд бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтний эрч чангарч, зарим үед -27 –оос -45 хэмээс дээш давж хүйтрэх төлөвтэй байна. Иймд болзошгүй аюулаас сэргийлж, малчин түмэндээ туслах зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаагаа Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн өнөөдөр Монгол ньюс агентлаг дээр хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ мэдэгдлээ. Аяны хүрээнд Хэнтий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Онцгой Байдлын газартай хамтран олон санаачлагуудыг өрнүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Мөн Улаанбаатар хотноо урлаг соёлын томоохон тоглолт зохион байгуулах, бизнес эрхлэгчид болон олон улсын байгууллагуудад хандаж тусламж дэмжлэг хүсэхээс гадна нутаг орноо гэсэн сэтгэлтэй олон түмнийг итгэл сэтгэлээрээ нэгдэн ажиллахыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн уриалж байна. "Монгол улсад сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдож, 40,1 сая толгой мал хорогдсон байна. 10 орчим жилийн давтамжтай тохиолддог “Хавсарсан зуд”-г Монголчууд бид бичин жилийн зуд гэдэг бөгөөд -30 дээш хэмд хүйтэрч, цасны зузаан 40 – 50 см болохыг хэлдэг. Энэ жилийн хувьд улс орны эдийн засаг туйлын хүнд байхад “Хавсарсан зуд”-ын шинж тэмдэг нүүрлэж байна. Тиймээс иргэн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй" хэмээн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Олны хүч оломгүй далай гэдэг. Хэнтий нутагтай ажил амьдралаа холбосон уугуул, суугуул иргэд “МАЛЧИДДАА ТУСЛАЯ” сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсвэл: Хандивын данс: 5028699534 /ХААН БАНК/ Данс эзэмшигч: Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөл
Д.Одонтунгалаг