Газрын хэвлий дэх цэнхэр алтны үнэ цэнийг бид мартах учиргүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт эргээд л уул уурхай эрчимтэй хөгжиж эхэллээ. Энэ нь улс орныхоо эдийн засгийг аврах гол гарц ч байж мэдэх боловч уул уурхайг хөгжүүлэхдээ тэнд нь амьдарч буй уугуул иргэдээ бүү мартаасай. Говь нутагт ус гэдэг амин эрдэнэ, тэр дундаа цэнгэг ус бүр ч илүү дээдлэх эрдэнэ. Энэхүү эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайгаа дагаад тус амин эрдэнэ хэр хэмжээгээр хорогдсоор байгааг хэн ч үл мэднэ. Харин гол цэнгэг усны нөөц ордоо нутгийн бид л аварч үлдэх учиртай.
Говь нутагт цөлжилт цагтай уралдан байгаа энэ хүнд үед говийнхон ногоон байгууламжийг бүтээн байгуулж, цөлжилтийг сааруулан унаган нутгаа онгон дагшин хэвээр нь хадгалж үлдэхээр шаргуу хөдөлмөрлөж байна. Гэтэл нутгийн иргэдээс шалтгаалахгүйгээр бусдын буруу үйлдлээс болж цөлжилт үүсээд эхэлчихсэнийг нүүрс тээвэрлэлтийн зам дагуух дүр зургаас харж болно. Ингээд тоочоод байвал цөлжилтийг нэмэгдүүлж буй баримтууд олон бий. Харин ийм цаг дор цэнгэг усаа бид хайрлаж, гамнан үр хойчдоо үлдээх нь өнөөгийн тулгамдсан асуудал юм.
Өмнийн их говьд бүтээн байгуулалт өрнөсөөр. Шинэ Даланзадгад, Улиастай хороолол гээд шинэ суурьшлын бүсийг бид төлөвлөн бүтээн байгуулж говийн шинэ хотыг цогцлоож байна. Мянган сайхан барилга байгууламж байгаад уух усгүй бол бид яаж амь зуух вэ. Ийн асуулт үлдээхийн учир иргэдийн хэлж заншсан Балгасны улаан нуур буюу зарим хүмүүсийн нэрлэж буйгаар Балга усны улаан нуурын үнэ цэнийг мартах учиргүйг говьчууддаа дахин сануулахыг хүслээ.
Говь нутгаа ойжуулах, ногоон бүс байгуулж цөлжилтийг зогсоох талаар олон жил ажиллаж байгаа “Их говийн төгөл” ХХК-ийн захирал Чисрэнгийн Одсүрэн Балгасны улаан нуурыг ашиглах тал дээр одоогоос 4 жилийн өмнө ийн ярьж байв. “Хэрвээ Балгасны улаан нуурыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглавал маш их сөрөг үр дагавар гарна гэдгийг хэлэх байна. Гүний усны нөөц нь нөхөн төлжих боломжгүй зүйл байдаг. Нөхөн төлжлөө гэж бодоход хэдэн зуун жилийн дараа нөхөгдөх боломжтой байдаг учраас сэлбэгдэх нөөцийг нь судлахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нь зохисгүй юм. Дээр нь байгаа олон булаг шанд, хөдөөгийн иргэдийн авч хэрэглэдэг энгийн уурхайн худгууд ширгэх аюултай. Мөн тус нуурын ай сав орчимд байгаа ургамал устаж үгүй болох магадлалтай. Энэ нь эхний шатанд гарах сөрөг нөлөө. Харин дараа нь ямар таахын аргагүй сөрөг өөрчлөлт гарч ирэхийг бид хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь Өмнөговьчуудын цэвэр усны нөөцөд ямар их хор уршиг учирах нь ойлгомжтой. Тэгэхлээр бид бүгд л санаа зовохоос өөр аргагүй юм” гэжээ.
Говь нутгийнхан цэнгэг нуураа авч үлдэхийн тулд зүгээр суугаагүй юм. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот, Жаргалант багийн малчид анх тус нуураа хамгаалан тэмцэж эхэлсэн. Тус газрын гүн дэх нуур нь зөвхөн Ханхонгор сумын иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудал биш гэдгийг 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж батлаад өгдөг. Тухайн зөвлөмжөөр Балгасны улаан нуур, Бор хөөврийн говь, баян тоорой, Эхийн гол, Шавдан овоо, Зайрмагтай зэрэг газрын доорхи цэнгэг усны томоохон ордуудыг улсын тусгай хамгаалалтанд авах талаар саналыг боловсруулж УИХ-д өргөн барихыг зөвлөсөн байдаг.
Тухайн үеийн аймгийн удирдлагууд үүнийг зүгээр хараад суугаагүй бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 24-ний аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Уг тогтоолд “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Балгасан голын Улаан нуур орчмын хавсралтанд заасан солбилцол бүхий 101226 га талбай бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсугай” гэжээ.
Харин 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын 257-р тогтоолын 3.3-т уул уурхайд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь тус нуурыг хамгаалах дээр санал нэгдсэн иргэдийг хэсэгтээ л бухимдуулаад авсан байдаг. Үүнийг нутгийн иргэд хүчтэй тэмцэж, орон нутгийн удирдлагууд ч иргэдтэйгээ нэгдэж тухайн тогтоолыг түдгэлзүүлж чадсан юм. Өнгөрсөн баримтуудыг эргэн сөхөхөд ийм байна. Энд хэн нэгэн хүнийг магтан сайшаах, голлон буруутгах бус Балгасны улаан нуур нь Даланзадгад сумын ирээдүйн нөөц бөгөөд говьд тэр бүр элбэг байдаггүй цэнгэг уст газрын гүн дэх нуур гэдгийг л онцлож иргэддээ ойлгуулахыг зориод байгаа юм.
Одоогоос 4 жилийн өмнө гидрогеологийн инженер н.Хэнмэдэх “Өмнөговьчууд нутагтаа амьдарсаар ирсэн, цаашдаа амьдарсаар байна гэж үзвэл Балгасны улаан нуурыг нөөцөд авч үлдэх ёстой. Даланзадгад сумын цэнгэг усны нөөцөд Мандах 1, 2, Даланзадгад 1, Балгасны улаан нуур гэсэн 4 газрыг тогтоосон байдаг. Эдгээрээс хамгийн их нөөцтэй нь Балгасны улаан нуур юм. Би усны чиглэлээр 33 жил ажиллахдаа нутгийнхаа хаана нь уст үе байгааг тогтоож байлаа” гэж ярьжээ. Харин одоо бид тухайн нуурынхаа үнэ цэнийг хэрхэн мэдэрч үргэлжлүүлэн хамгаалсаар байх вэ. Энэхүү асуултыг иргэддээ үлдээхийг хүслээ. Ямартаа ч бид говийн унаган иргэд. Нүүдлийн шувуу шиг уул уурхай дагаж ирсэн иргэд нэг л өдөр буцаад л нүүхэд бид өвгөдийнхөө буйрыг сахисаар үлдэх нь хэн ч маргахгүй үнэн. Энэ л нутагтаа бид үзэсгэлэнт хотыг сүндэрлүүлж, үр хүүхдүүдээ бүтээн байгуулсан хотоо, өөр өөрсдийн бизнесээ өвлүүлэн үлдээх нь дамжиггүй.
Нам болж талцахгүйгээр нэгдэх ёстой асуудал гэж байх. Энэ нь говийн бидний хувьд цэнгэг ус гэдгийг онцлох байна. Тухайн үед малчид, иргэд удирдлагуудтайгаа талцахгүйгээр Балгасны улаан нуураа авч үлдэхээр нэгдэж чадаж байсан шиг говьчууд ийн нэгдэж ирээдүйдээ үлдээх үнэт баялгаа хэрхэн хамгаалах дээр саналаа уралдуулвал сайнсан.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Д.Мядагсүрэн “Балгасны улаан нуурыг Өмнөговь аймгийн цэнгэг усны нөөц учраас орон нутгийн тусгай хамгаалалтанд авъя гэсэн шийдвэрийг гаргасан. Хэдийгээр уул уурхай хөгжих нь сайн талтай ч гэлээ усны хүндрэлтэй говь нутагт ундны усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэдэг байж боломгүй асуудал юм” гэлээ.
Сүүлийн жилүүдэд Балгасны улаан нуурын орчимд шинээр 14 цооног гаргажээ. Тэрхүү өрөмдлөгийг хийж усны түвшин тогтоохоор шавхалт хийх явцад нутгийн хэд хэдэн булаг шанд ширгэж, энгийн уурхайн худгуудын усны түвшин хэт доошилсон тухай нутгийн иргэд ярьж байна. Балгасны улаан нуур нь зөвхөн Ханхонгорхны эрх ашиг биш Даланзадгад хотын болоод говь нутгийн иргэдийн хувь заяа гэдгийг дахин сануулъя.
Өнөөгийн аймгийн удирдлага ч мөн газрын гүн дэх усаа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахын эсрэг байр суурьтай байдгаа хэллээ. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Балгасны улаан нуурын хувьд миний бие орон нутгийнхаа иргэдийн талд байгаа. Гүний усыг уул уурхайн зориулалтаар ашиглахын эсрэг байр суурьтай байдаг. Ер нь газрын гүн дэх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаад ямар хор уршиг дагуулсан тодорхой жишээнүүд Монголд төдийгүй дэлхийн олон оронд бий” гэсэн юм.
Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ бахараж аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн говь нутгийнхан сүүлийн жилүүдэд уул уурхайн урилгагүй зочидын хөлд дарагдсаар. Орсон гарснаа ундаалж дайлж цайлдаг говийнхон эгэл зангаараа л тэднийг угтсан. Гэхдээ голомтоо манах говийнхон харийн гийчдийг буцахын цагт дагаад нүүхгүй нь л лавтай. Тиймийн учир Балгасны улаан нуур нь бидний хойч ирээдүйнхний амин эрдэнэ, цэнхэр алт гэдгийг мартаж болохгүй юм. Ус гэдэг чандмань эрдэнэ. Усгүй ертөнцөд хичнээн алт эрдэнэс байгаад яахсан билээ.
Д.Мишигсүрэн