Нягтлан бодогчдын олимпиад анх удаа зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймагт нягтлан бодогчдын мэргэжлийн ур чадварыг шалгасан олимпиад анх удаа зохион байгуулагдлаа.
Олимпиадын гол зорилго нь ахмад нягтлан бодогчдыг алдаршуулах, хойч үеэ сургаж байсан туршлага, төрийн албанд тууштай зүтгэж байсан хөдөлмөрч зан чанарыг залуучуудад өвлүүлэхэд оршжээ. Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс санаачлан тус олимпиадыг Хэнтий аймгийн анхны мэргэшсэн нягтлан бодогчдын нэг Д.Зандраа агсны нэрэмжит болгож зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхдугаар олимпиадад 26 хүн бүртгүүлснээс 25 хүн оюун ухаанаа уралдуулжээ. Тестийг боловсруулахад Мэргэшсэн нягтлан бодогчдын институтаас туслалцаа авч, Д.Зандраа агсаны үр хүүхэд, гэр бүл дэмжин хамтран зохион байгуулсан аж. Нягтлан бодогчдоос С.Мөнх-Эрдэнэ (хувиараа) Т.Пүрэвжав (Төрийн банкны Хэнтий салбарын ерөнхий нягтлан бодогч), Г.Тунгалаг (Хэрлэн сумын ЗДТГ-ын нягтлан бодогч) нар тус тус эхний байруудад шалгарчээ. Шагналыг тус салбарын баярын өдөр буюу Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойгоо тэмдэглэхдээ гардуулах аж.
Хэнтий аймгийн анхны мэргэшсэн нягтлан бодогчдын нэг Дархан сумын харьяат Д.Зандраа нь Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, СЭЗТехникумыг нягтлан бодогчоор, ХААДС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсөж, ХАА-н нэгдлийн холбооны зөвлөл, гурилын үйлдвэр, ХАА-н мал бэлтгэл эрхэлсэн компанийн нягтлан бодогч зэрэг ажлуудыг хийж байжээ. Тэрбээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр 36 жил ажилласан, ХАА-н тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медалиар шагнуулж байжээ.
Тус олимпиадыг уламжлал болгон жил бүр зохион байгуулах аж.
Д.Одонтунгалаг