Ерөө сумын ҮЭХ ажил үйлсээрээ улсдаа тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын хэмжээнд ажлаараа манлайлсан Ерөө сумын үйлдвэрчний эвлэлийн холбоонд МҮЭХ-ны шагнал болох “Батламж” нэг сая төгрөгийг аймгийн Засаг дарга Ш.Оргил гардуулан өглөө.
Шагналыг 1987 оноос өнөөг хүртэл үйлдвэрчний эвлэлийн даргын ажлыг хашиж яваа Ерөө сумын ҮЭХ-ны дарга Н.Хишгээ хүлээн авсан юм.
Тус хороо нь ажилчин ангийнхаа эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч, гишүүд дэмжигчдээрээ хүрээгээ байнга тэлж байдаг байгууллага юм.
Шагналын эзэн Ерөө сумын ҮЭХ-ны дарга Н.Хишгээ:”Бид энэ онд тохиож байгаа МҮЭ-ийн байгууллагын 100 жилийн ой угтаж олон төрлийн ажил зохион байгуулсан. МҮЭХ-ноос жил бүр сумдын ҮЭ-ийн байгууллагаа шалгаруулан ажлыг нь дүгнэдэг юм. Энэ жил манай холбоо тэргүүлсэнд их баяртай байна. Энэ бол манай гишүүд дэмжигчид, иргэд, сумын удирдлагуудын маань нягт хамтын үйл ажиллагаатай холбоотой. Би МХЗЭ-ээс ажлын гараагаа эхэлж байсан. 1978 оноос эхлэн энэ ҮЭ-ийн байгууллагатай салшгүй холбоотой ажиллаж ирлээ. Манай байгууллага гишүүдийнхээ эрх ашгийн төлөө ажилладаг. Хамтын гэрээг хэрэгжүүлэгч байгууллага хамт олны хүч, идэвхитэй шургуу хөдөлмөрийн үр шимээр энэхүү амжилтанд хүртлээ. Манай суманд 21 аж ахуйн нэгж байгууллага ҮЭХ-оо байгуулан ажиллаж байгаа” хэмээн ярилаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн ҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсож, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Ч.Отгонцэцэг