Булган сумыг зорьсон ажлын хэсэг Улаагчины даваа давж чадалгүй буцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 14:37:37

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг их цасанд дарагдсанаар бэлчээргүй болж, мал сүрэг хорогдож эхэлсэн байна.

Уг асуудлыг газар дээр нь очиж зохион байгуулахаар гарсан аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал ахлагчтай ажлын хэсэг далайн түвшнээс 3000 гаруй метр өндөр, хунгарласан их цасанд дарагдсан Улаагчины даваа давж чадалгүй Дэлүүн сумынхны байдалтай танилцаад л аймгийн төвд буцаад ирэв.

Улаагчины давааны цасыг «Жол» компанийнхан арчиж зам гаргаж эхэлжээ. Булган сумын малыг Ховд аймгийн нутагт гаргах боломжгүй болсон тул аймгийнхаа бусад суманд оторлуулах талаар яригдаж байна. Гэтэл тэдэнтэй айл зэргэлдээ Дэлүүн сумын зарим багийнхан бас зуданд нэрвэгдэх төлөвтэй байгаа юм.

Булган сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэх удаа сонгогдсон «Рысжан» компанийн захирал Н.Бейбитхан байгалийн гамшигт нэрвэгдэж байгаа Булган сум дахь ШТС литр бензиний үнийг 30 төгрөгөөр хямдруулсанаа зарлаад, тусгай зориулалтын тэргээр шатахууныг хүргүүлж эхэлсэнээ мэдэгдэхийн хамт цас зуданд нэрвэгдэгсдэд туслах хөдөлгөөн өрнүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа.

Ш.Айзаря

相关新闻