Автобус осолдсоны улмаас зургаан хүүхэд нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Теннесси муж улсын Чаттанүга хотод сургуулийн автобус осолдсоны улмаас 6 хүүхэд нас барж, хэд хэдэн хүүхэд бэртэж гэмтжээ.
5-10 насны сурагчдыг зөөдөг автобус даваа гарагт орон нутгийн цагаар 16:00 цагийн үед осолдсон байна. Автобус хажуулдан унаж, дээвэр хэсгээрээ мод мөргөсний улмаас хоёр хуваагдсан байдалтай байгаа юм.
“Хурд хэтрүүлсэн нь осол болох гол шалтгаан байх магадлал өндөр байна” гэж Чаттанүга хотын цагдаагийн газрын дарга ярьжээ.
Автобус мод мөргөхөөсөө өмнө шонгийн мод мөргөж унасан гэж шинжээчид үзэж байна. Ослоос амьд гарсан жолоочоос байцаалт авч байгаа ажээ.
Тус дүүргийн прокурорын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, автобус осолдох үед таван хүүхэд газар дээрээ нас барсан бол нэг хүүхэд эмнэлэг хүргэгдэх замдаа нас баржээ.
Уг автобусанд 35 хүүхэд сууж явсан байна. Чаттанүга хотын Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр,23 хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Орон нутгийн "Blood Assurance" гэдэг цусны банкнаас хүүхдүүдэд цусаа хандивлахыг иргэдэд уриалжээ.
Х.Сарнай