Нийслэлийн төсөв сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-22 12:41:07

НИТХ-ын тэргүүлэгчид "Нийслэлийн 2017 оны төсвийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Төсвийн төслийн НЗД С.Батболд өчигдөр буюу энэ сарын 18-нд НИТХ-д өргөн барьсан юм. Төсөв өргөн барихын өмнө иргэдийн саналыг тусгах  зорилгоор “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулсан.  Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн  дийлэнх нь  эдийн засаг  хүнд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхэд бэрхшээл байгаа ч ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаадлагатай байгааг хэлсэн. Тиймээс төсөвт иргэдийн саналыг тусган ирэх онд  эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн байна.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд  3 ээлжээр хичээллэж байгаа  ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх,  зарим хороонд шинэ цэцэрлэг барих ажлыг  эхлүүлэх  ажлыг төсөвт  тусгажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 3 дүүргийн  Эрүүл мэндийн нэгдэлд  мэс заслын тасаг байгуулахаар төлөвлөсөн байна. Авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг  үргэлжлүүлэн,  зарим байршилд гүүрэн гарцын шав тавих, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг  үе шаттай хийж,  иргэдийн аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэдгийг Хотын дарга танилцуулав.

2017 онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс нийслэл 536 тэрбум төгрөг, дүүршүүд 120.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх аж.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан асуулт хариулт, саналаар үргэлжилж байна.

Ч.Ариунболд

相关新闻