Цунами болсон бүс нутаг дахь монголчуудтай холбоо барихаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМГазар хөдлөлтийн улмаас цунами болсон Японы зүүн хойд нутгийн эргийн мужуудад нийт 1163 монголчууд оршин суудаг.
Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.
Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаагаас гадна газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа аж. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.
Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр Япон улсад Монгол Улсын нийт 6590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшимад 48, Аоморид 8, Иватэд 24, Ибаракид 162, Мияагид 89, Чибад 832, нийт 1163 иргэн оршин суудаг байна.
Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байгаа юм байна.
Н.Гантуяа