Сансар судлалын салбарт БНХАУ-тай хамтарч ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-17 16:45:13

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, “Жэй Эс инженеринг” компани, Хятадын Цагаан хэрмийн аж үйлдвэрийн корпорац, Зураглал, ажиглалтын технологийн компани, Сансрын технологийн академи зэрэг байгууллага хамтран “Үндэсний зайнаас тандан судлал болон нам орбитын хиймэл дагуул” сэдэвт хурлыг өнөөдөр зохион байгууллаа.  


Монгол Улс зайнаас тандан судлалын хиймэл дагуул хийж хөөргөх, улмаар уг дагуулаас мэдээлэл авч дээрх салбарт үр ашигтай ашиглах замаар нийгэм эдийн засгийн хөгжилд үр дүнтэй ашиглах боломжийн тухай хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүргэхэд энэхүү хурлын зорилго оршиж байгаа ажээ.


БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа хэлэхдээ, “Хурлын үндсэн чиглэл сансар судлалын салбартай холбоотой. Мөн Хятадын сансар судлалын байгууллагын төлөөлөл оролцож байна. Бидний хамтын ажиллагаа Монгол Улсын сансар судлалын хөгжил, маргаашийн ажил үйлст тодорхой хэмжээгээр шалтгаална гэж найдаж өндөр ач холбогдол өгч байгаагаа хэлье. Хятад улс сансрын хөлгийн станцаар тойрог замд үйлчилж байгаа дэлхийн гурав дахь орон. ОХУ, АНУ, Хятад улс 2010 оноос сансарт хүнээ нисгэж, богинохон хугацаанд тойрог замд станц байгуулж, сарны судлалын ажилд ач холбогдол өгч, бидэнд харагддаггүй хэсгийн зургийг авах зэрэг ажлыг хийсэн. Хятадын сансар судлалын гадаад хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Бид мөнхийн хөршийн хувьд Хятадтай сансар судлалын салбарт хамтарч ажиллах боломжтой. Сар өөрөө үнэтэй салбар. Сансрын судалгаа явуулах, сансрын хиймэл дагуул байгуулах, газрын удирдах станц гээд өндөр үнэ өртөгтэй байгууламж бий. Энэ салбарт бид хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Ингэснээр улс орны хөгжилд тодорхой ахиц үзүүлнэ гэж найдаж байна” гэв.


Харин ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл,Сансар судлал, сансрын технологийг Монголд хөгжүүлэх талаар БНХАУ-ын үйлдвэрийн корпорац, бизнесийн байгууллагатай хамтарч ажиллах санамж бичгийг 2023 онд анх байгуулсан. Энэ ажлын хүрээнд нам тойрог зам дахь зайнаас тандан судлах хиймэл дагуулыг Монголд зохион бүтээх, түүнийг турших, сансарт хөөргөж, ашиглах үйл ажиллагааг хамтарч хийхийн тулд өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Гол зорилго нь хамтын ажиллагааг бодитойгоор эхлүүлэх анхны алхам гэж харж байна” хэмээн ярилаа.  


Тэгвэл БНХАУ-ын Машин, механизмын инженерийн корпорацын ерөнхий менежер Чэн Шань Дун “Өнөөдрийн хурлыг жилийн хугацаанд төлөвлөсөн. Хиймэл дагуул Монголд маш хэрэгтэй. Монгол шиг уудам нутагтай, төвлөрөл бага хол, зайтай амьдардаг нутагт чухал төсөл юм. Бид Монголд технолгийн дараагийн түвшинд дэвшилд хүргэхийн төлөө хурдацтай хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.



Энэхүү хуралд Бээжингээс сансрын судлалын тэргүүлэх инженерүүд цахимаар туршлагаа хуваалцаж байгаа аж. 






相关新闻